Хариуцлага алдсан малчдад нөхөн олговор олгохгүй гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-08 21:09:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас хариуцлага алдсан малчдад хуулийн дагуу арга хэмжээ авч, нөхөн олговор олгохгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Тус сумын тухайд өнгөрсөн сарын дундуур гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэмтэй байсан бөгөөд зарим газруудад түр хориог зогсоогоод байгаа юм. Хорио цээрийн дэглэмтэй буй хугацаанд зарим иргэд хариуцлага алдаж буй явдал мэр сэр гарч байгаа аж.
Тухайлбал иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу шүлхий өвчний голомтод байгаа нэр бүхий дөрвөн өрхийн малд аймгийн МХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Мал эмнэлгийн мэргэжилтэн, Цагдаагийн алба хаагч нарын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь үзлэг шалгалт хийжээ. Гэтэл эдгээр өрхийн 25 үхэр өвчтэй болох нь тогтоогдсоны улмаас устгалд оруулсан байна. Эдгээр малчдад хэрэг үүсгэн шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байгаа аж. Мандал суманд сүүлийн таван хоногийн турш өвчний шинж тэмдэг илрээгүй байсан байна. Гэвч дээрх дөрвөн өрхөд өвчтэй байсан тул тус суманд хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгажээ. Цаашид өвчтэй малаа нуун дарагдуулсан айл өрх тогтоогдож, өвчтэй мал илэрвэл “Хорио цээрийн дэглэм”-ийн үргэлжлэх хугацаа дахин сунгагдах аж. Түүгээр зогсохгүй хариуцлага алдсан малчдад хуулийн дагуу арга хэмжээ авч, нөхөн олговор олгохгүй хэмээн сумын ЗДТГ-аас анхааруулаад байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻