Орхонтуул суманд ‘’Сайн санааны‘’ аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-11 00:21:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ-аас өвөлжилтийн байдал хүндэрч байгаа энэ үед мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн, өв соёлын бахархал болсон нүүдлийн соёл иргэншлийг тээгч малчиддаа туслах ‘’Сайн санааны‘’ аянд нэгдэхийг уриаллаа.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн зун хур бороогүй, гандуу байлаа. Иймээс тус сумын малчид малын тэжээл, өвс хадлангаа орон нутгаасаа бэлтгэх боломжгүй, мөн тариаланчид ургац алдсан гээд Орхонтуулчуудад ихээхэн бэрхшээл тулгараад байгаа юм. Түүгээр зогсохгүй өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн их хэмжээгээр цас орж шуурсанаас сумын өвөлжилтийн байдал хүндэрч, зам даваа хаагдах, мал бэлчээрт гарах боломжгүй болоод байгаа ажээ. Иймээс тус сумын ЗДТГ-аас сумын иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хандаж “Малчиддаа туслах сайн үйлсийн аян”-д нэгдэхийг уриалжээ.
Одоогийн байдлаар тус сумын уугуул ‘’Wizard express consulting’’ ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогт 100 боодол өвс, мөн тус сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэсэн ‘’Вентана констракшн’ ХХК-ийн захирал Б.Нямбаатар, Орхонтуул сумын Засаг дарга асан С.Эрдэнэбаяр нар 400 боодол өвсийг тус тус хандивлаад байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻