Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-12-18 11:46:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс хамтран зохион байгуулсан “Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын хөгжил” форумын үеэр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа чухлыг онцлов.

Тус форум нь МУИС-ийн инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийхээр хүлээгдэж буй технологийн судалгаа, түүний төлөвлөлтөд хувийн хэвшлийн байгууллагуудын технологийн хэрэгцээ, саналыг тусгах, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, их сургууль дотоодын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.
Форумыг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг үг хэлж, их сургуулийн оюуны өмч, технологи дамжуулалтын менежментийн талаар баримтлах бодлого, их сургуулийн судалгаа хөгжлийн ажлын түвшин, цаашид аж үйлдвэртэй хамтран ажиллахад чиглэсэн бодлого зорилтын талаар танилцуулсан юм.
Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам “Кластерийг хөгжүүлэх хамтын ажиллагааны алхмууд” сэдвээр илтгэл тавьж их сургууль, аж үйлдвэрийн түншлэлийн хөгжлийн талаар санал дэвшүүлэв.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолсон бол БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ “Төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар баримтлах бодлого”, Нийслэлийн үйлдвэр инновацийн газар, Инновацийн хэлтсийн дарга Ч.Сүхбат “Инновацийн экосистем бүрдүүлэхэд орон нутгийн оролцоо”, МҮХАҮТ-ийн дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга Л.Оюунцэцэг “ШУТ, Инновацийн хамтын ажиллагааны интеграцид МҮХАҮТ-ын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавив.
Тус форумын үеэр МУИС-иас уул уурхайн салбарт хэрэглэх технологийн танилцуулга, хэрэглээнд нэвтрүүлэх боломж, судлаачдын баг бүрэлдэхүүний болон лабораторийн нөөц бололцоо, аж үйлдвэртэй хамтран ажиллах саналыг танилцууллаа.
Уулзалтад оролцсон компаниудын зүгээс судлаачдын танилцуулсан технологи болон төслийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх талаар санал дүгнэлт гаргаж, компанийн зүгээс хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжийн талаар олон бүтээлч санаачилга дэвшүүлсэн юм. Форумд МУИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, ШУТИС, ХААИС, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн судлаач, мэргэжилтнүүд, уул уурхайн салбарын топ байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Ж.Болор
相关新闻