"Цэвдэг жаран"-ыг цэгнэе гэвэл...

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2017-12-19 17:22:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/ МУИС-ийн шинээжр нээгдсэн шинэ номын санд шинэ номын номын дайллаганд орж оюуны цангаагаа тайллаа. Цахимаар түгээгдсэн зарыг дагаад очсон ч цаасанд нэртэй урилга ширээн дээр тавиастай, цаг ямагт ойр яваа утга зохиолын садангууд ч ярайн суугаастай...Ардын уран зохиолч Тангадын Галсан шинэ номын тухай, хуучин шавийнхаа тухай үг холбож, егөө сэлбэж, өнгөрсөн одоо цагийн хэлмэгдлийг сүлбэж 1937оноос улбаатай төрийн "цэвдэгшлийг" сануулж, эцэст нь романы шинэлэг хэлбэр, уламжлалт хэллэгийг Долгорын Цэнджаваас өөр хэн ч бичихгүй дээ гэдэг шүүлтүүртэй үнэлгээг өглөө. Ер нь номын анхны шүүрдэлтийг саяхан Төрийн шагнал хүртсэн , түүхч Д.Өлзийбаатар хийсэн аж. Тэрбээр олон таван үггүй л " Онцсайн" гэсэн үнэлгээ тавьжээ! Харин зохиогч До. Цэнджав даруухнаар миний энэ номыг нэг сар дөрвөн хоног уншаад зарим андуурлыг засч, чин сэтгэлээсээ зөвлөсөн, хэрвээ энэ романд эндүү ташаа осол эндэл гарсан бол тэрхүү эрхэм түүхчтэй огт холбоогүй, зөвхөн надтай л холбогдоно гэлээ.

Зохиогч мөн энэ романаа энэхэн нэгэн жил бус нэлээд эртнээс судлагаа, цуглуулга хийж явсаар цөөнгүй олон жилийн уйгагүй зүтгэлээр өнөөдөр л ийнхүү олондоо дэлгэн барьж байгаагаа ч учирлалаа. Нээрэн ч До. Цэнджав романыг бичих талаараа багагүй туршлага хуримтлуулаад буйг мэднэ л дээ. Тэрбээр үүнээс өмнө "Цагаагчин гахай түүх аж байлдлын роман, " Цахарын хар шуурга" гэж эх оронч, харчин гүн Бавуужавын тухай роман, 12-13 дугаар зууны түүхэн үйл явдлын зөрчлийг харуулсан " Өнцөгдсөн сэнтий , "Эрдэнэ жонон ван Ширнэндамдин" төрийн зүтгэлтний роман, Монгол Улсын маршал Г.Дэмидийн тухай "Өрлөг жанжин" роман бичиж өөрийнхөө лабораторийг бий болгосон л доо.
Уншигчид сүрхий хүлээн аваад байгаа болохоор романыхаа буухиаг улам л эрчимжүүлэхээр шийджээ. Шийдмэг болоод шидрүүхэн бичихээр шийдсэн нь эхний хуудсыг сөхөөд орхичимооргүй бичсэнээс харагдлаа. Номыг нь урьтаад уншсан зохиолч, эрдэмтэн мэргэн нөхөд нь шүүрс алдангуй яриад, шүлтэн уншмаар хорхой хүргэсэн үгс цухуйлгаад байсан нь шөнө хугаслаад уншихуйд амтагдлаа!
До. Цэнджав үндсэн ажил нь их сургуульд цаг наргүй багшлах хэдий ч утга зохиолын олон төрлөөр жигд бичиж бараг л унтах завгүй л суудаг "улаан нүдэн" л дээ. Сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлууд, хичээл лекцээ амжуулаад, сонин хэвлэлд ч нийтлэл бичээд л,сайт фэйсбүүткт ч шургаад л, номын нээлт заллагад ч ороод л, энд тэндхийн уралдаан тэмцээнд орж байр эзлээд л, юуг бол ч амжуулаад байдаг нь гайхам!
Ийм л оюунт эрхмээс юу бол ч юу гарах нь тодорхой боллоо доо!
Түүхэнд их л маргаантай ул мөр үлдээсэн Х.Чойбалсан, Гэндэн, Г. Дэмид, Догсом зэрэг олон хүний түүх намтрыг үнэн баримттай холбон түүхийн ээдрээг тайлахуйц цаг үеийг нээж "Цэвдэг жаран"-ы хар, цагааныг дэнсэлсэн шинэ роман нь олныг шуугиулах нь дамжиггүй! Дэлхийн роман бичлэгийн хандлага ч эсээ буюу баримтат түүхэн сэдэв рүү илүүтэй чиглэх боллоо. Монголд ч түүхэн романы " хөөсрөл" эхэллээ гэж зарим нь үзэж буй энэ цагт "Цэвдэг жаран" цахиур хагалж шүүмжлэгч, уншигчдийн дэнсэлгээнд дахин дахин шүүгдэх биз ээ? Ямар ч байсан эрхэм мэргэн уншигчид До. Цэнджавын "Цэвдэг жаран"-ыг цэгнэн үзье гэвэл цаг гаргаж заавал уншаарай...уншиж амжихаас чинь өмнө цаадах чинь өрсөөд " Босоо жаран"- аа биччихэж мэднэ шүү!
Шинэ номоо борлуулж эхлээгүй байж тийм юм ярьж явна лаа...осолтой л эр дээ!
До. Цэнджавыг танихгүй нэгэнд ховловоос уран бүтээлээрээ цолгорч МУСГЗ цолоос гадна Д.Нацагдоржийн шагнал, С.Буяннэмэхийн шагнал мөн С.Бодоошийн сэтгүүл зүйн шагналыг ч хүртсэн их эр юм шүү! Эрдмийн бүтээлээрээ ч доктор, профессор болсон их гар шүү...романы хувьд ч оройлох шинж рүү л дөтөлж , олон уншигчаа хөтөлж эхлээд байна даа...

Ж.Батсайхан

 

相关新闻