Архангай аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-16 16:08:57
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат, Төвшрүүлэх, Чулуут, Хотонт, Хангай, Цэцэрлэг, Хайрхан гэсэн 11 суманд өвөлжилт хүндэрч, 2 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. 2017 оны 10 сараас хойш Архангай аймагт их, бага хэмжээтэй 36 удаагийн цас оржээ. Он гарсаар 4-5 удаагийн давтамжтай орсон цас өвөлжилт хүндрэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Мөн Булган, Өгийнуур сумд нэмэгдэх магадлалтай байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад цасны зузаан сумын төвдөө 5-10 см, тал газраа 20-25, зарим хунгар газраа 40-50 см хүрчээ. 2017-2018 оны Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 15-нд хуралдаж аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээл /хивэг/-ийн тодорхой хэсгийг хямдруулан малчдад олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнд өвс 4500-5000 төгрөг, тэжээл /хивэг/ 12000 төгрөг болгож хямдруулжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд малчдад малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр авах боломжийг олгожээ. Архангай аймагт дээрх ажлын хүрээнд малчдаас захиалга авч одоогоор “Архалиун цамхаг” ХХК нь Хотонт суманд 24 тн, Төвшрүүлэх суманд 20 тн, Эрдэнэбулган суманд 10 тн хорголжин тэжээлийг 1 кг-ийн үнэ 450 төгрөгөөр тооцож малчдад өгөхөөр нийлүүлээд байна.
 
Б.Гэрэлт-Од
相关新闻