Завхан аймгийн хүн ам 30 мянгаар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-16 17:37:32
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг мэдээллээ. Тус хэлтэс жилийн эцэс болон хагас жилээр хэвлэл мэдээллийнхэнд сонирхолтой статистик мэдээллийг хүргэдэг бөгөөд сар тутмын мэдээллийг эмхэтгэл болгож иргэд болон байгууллагуудад хүргүүлдэг уламжлалтай ажээ. Ингээд сонирхолтой статистик мэдээллийг товчлон хүргэж байна. 
Завхан аймагт 2017 оны эцэст 21.5 мянган өрхийн 72.1 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеэс өрх 1.9 хувиар, хүн ам 1.7 хувиар өссөн байна. Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэй, 31.3 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 30.9 хувь нь 16-34 насны залуучууд эзэлж байна. Харин хүн амын 26.7 хувь нь 35-54 насны хүн ам, 11.1 хувь нь 55-ээс дээш насны хүн байна.  2017 онд Завхан аймгаас бусад аймаг, нийслэл рүү 891 хүн шилжин явж 843 хүн бусад аймаг нийслэлээс шилжин ирж суурьшжээ. Шилжилт хөдөлгөөн өмнөх жилүүдээс төдийлөн буураагүй байгааг статистикийн мэдээ харуулж байна. Мөн нийт хүн амын 22.6 хувь нь аймгийн төв буюу Улиастай суманд, 12.7 хувь нь Тосонцэнгэл суманд, 55.9 хувь нь бусад сумдад оршин сууж байна. Нийт өрхийн 22.5 хувь нь аймгийн төвд, 21.4 хувь нь сумын төвд, 56.1 хувь нь хөдөө оршин сууж байгаа дүн гарчээ. Аймгийн нийт хүн ам 1993 онд хамгийн их байсан бөгөөд 2017 онд 30.6 мянгаар буюу 29.8 хувиар буурсан байна. Энэ нь шилжилт хөдөлгөөн буурахгүй байгаатай холбоотой ажээ.
 
Өнгөрсөнд онд ихэр төрөлтийн 16 тохиолдол бүртгэгджээ
Завханд 2017 онд 1448 хүүхэд шинээр төрсөн нь 1000 хүн амд ногдох төрөлтийн тусгай коэффициент 79.6 болж хүн амын цэвэр өсөлт 1053 болсон байна.
Энэ онд хүн амын төрөх үеийн хүйсийн харьцаа олон улс, улсын дундаж түвшинд ойролцоо болж 100 хөвгүүнд 91 охид ногдож байна. Энэ онд ихэр төрөлтийн 16 тохиолдол, амьгүй төрөлтийн найман тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт төрсөн эхчүүдийн 4.3 хувийг охидын төрөлт, 15.8 хувийг 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн төрөлт эзэлжээ. Харин нийт төрөлтийн 22.8 хувь нь кесовар хагалгаагаар төрсөн байна.
Нялхсын эндэгдэл буурахгүй байна
Завханд 2017 онд 395 хүн нас барж, нийт нас баралтад нялхсын нас баралт 5.3 хувийг эзэлж, нас баралтыг хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 29.6 пунктээр илүү байна.
Нийт нас баралтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар буурч, нийт нас баралтын 20.6 хувийг эмнэлэгийн нас баралт эзэлж байна. Нялхсын эндэгдэл 2017 онд 22 болж өмнөх оныхоо төвшинд байгаа ажээ. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж, өмнөх оны мөн үеэс дөрөвөөр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 онд 17 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр өсч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр буурсан байна.
Шинээр гэрлэсэн хосуудын 50 орчим хувь нь хөдөө сумдад оршин сууж байна
Завхан аймгийн хэмжээнд 2017 онд 408 хос гэрлэлтээ бүртгүүлж, 23 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.
Шинээр гэр бүл болсон хосуудын 50 орчим хувь нь хөдөө сумдад оршин сууж байгаа бол 18 хувь нь шинээр гэр бүлээ батлуулаад төв суурин газар буюу, Улаанбаатар, аймгийн төвд түр оршин сууж байна. Харин 23 гэр бүл шүүхээр гэр бүлээ цуцлуулсан байна. Гэр бүлээ цуцлуулахаар энэ онд 41 иргэн шүүхэд өргөдлөө гаргаж 18 гэр бүл эвлэрчээ. Энэ онд 29 хүүхдийг үрчилсэн ба  81 бүтэн өнчин хүүхэд, 940 хагас өнчин хүүхэд бүртгэгджээ. Өндөр настай ганц бие өрх 1907, хөгжлийн бэрхшээлтэй 3645 хүн бүртгэгджээ. Бүтэн өнчин хүүхдийн тоо өнгөрсөн жилээс зургаагаар нэмэгдсэн байна.
 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 20 гаруй хувь нь дээд боловсролтой байна

Завхан аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 2017 онд 1690 болж, өнгөрсөн оны мөн үеэс 532 хүнээр өссөн байна.
Аймгийн хэмжээнд 815 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 48.2 хувийг эзэлж байна.
2017 оны 12 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 34.1 хувиар буюу 576 хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 14 хувийг 15-24 нас, 31.8 хувь нь 25-34 насныхан эзэлж  гурван хувийг нь 55-59 насныхан эзэлж байна.  Ажилгүйчүүдийн 1.6 хувь нь боловсролгүй байгаа бол 20.6 хувь нь дээд боловсролтой хүмүүс байна.
 Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө тасарчээ

Завхан аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас 2017 онд 10.1 мянган хүнд 39.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 15.8 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлжээ.  
Энэ онд 11010 хүн нийгмийн даатгалд хамрагдсанаас 60 гаруй хувь нь төсөвт байгууллага, ААН байгууллагын даатгуулагч, 3838 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сайн дурын даатгалд хамрагдах иргэдийн тоо нэмэгдсэн байна.  Завхан аймаг тэтгэврийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 2.9 хувиар, ҮОМШӨ сангийн орлогын төлөвлөгөөг 20.6 хувиар давуулан биелүүлсэн байна. Гэвч тэтгэмжийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг таван хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 2.2 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 8.4 хувиар тус тус тасарсан байна.
 Эрүүлжүүлэгдэж баривчлагдсан хүний тоо өмнөх оноос өссөн байна
Завхан аймгийн хэмжээгээр 2017 онд 221 гэмт хэрэг бүртгэгдэж 30.8 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 40.3 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 38-аар буурсан байна.
Энэ онд гэмт хэргийн улмаас 25 хүн нас барж, 88 хүн гэмтэж 558.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр 7371 зөрчил илрүүлж, 639 хүн эрүүлжигдэн, 221 хүн баривчлагдсан байна. Энэ тоо 2016 оны мөн үеэс  тус тус өссөн байна. Сумдын гэмт хэргийн гаралтаар  Улиастай, Алдархаан, Тосонцэнгэл, Их-Уул,  Тэлмэн сумд бусад сумдаас харьцангуй өндөр байжээ.
 Иргэдийн банкин дахь хадгаламжийн хэмжээ долоон тэрбум төгрөгөөр өсчээ

Завхан аймаг дахь Монгол банкны мэдээгээр 2017 онд гүйлгээнд дөрвөн тэрбум 889.4 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 64.5 мянган иргэний 72.4 тэрбум төгрөг байгаа хэмээн мэдээлэв.
Энэ онд иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 7.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин аймгийн дүнгээр 120.7 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны дөрвөн банкаар дамжуулан олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувь буюу 10 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.82 хувь, Хас банк 0.58-2.0 хувь, Төрийн банк 1.66 хувь, Капитал банк 1.5 хувь байгаа ажээ.
Дашрамд Завхан аймагт үйл ажиллага явуулж буй арилжааны дөрвөн банк энэ онд иргэддээ нээлттэй үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөгийг хуваарийн дагуу сард нэг удаа хийхээр болжээ.
Б.Мягмарсүрэн 
相关新闻