Ховдод нефтийн бүтээгдхүүний үнэ ханш тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-18 11:15:09
Ховд /МОНЦАМЭ/ Сүүлийн үед нефтийн бүтээгдхүүний үнэ ханш нэмэгдэж, зарим шатахуун түгээх станцууд шатахуун олгохгүй байна гэм мэт яриа гарч байна. Энэ талаар ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын байцаагч Б.Мөнхбатаас тодрууллаа.
-Ховд аймагт шатахууны үнэ нэмэгдэж 2000 төгрөг болсон тухай яригдаж байна. Яг бодит байдал дээр шатахууны үнэ нэмэгдсэн үү?
-Монгол Улсын Засгийн газар, Уул Уурхайн яамны шийдвэрээр 2015 оноос хойш баруун аймгуудад нефть бүтээгдэхүүний гаалийн, онцгой албан татвар тэглэсэн. Энэ дүрэм журам өнөөдрийг хүртэл мөрдөгдөөд явж байна. Өнгөрсөн онд 50-100 төгрөгөөр хоёр удаа нэмэгдсэн. Гадуур шатахууны үнэ нэмэгдэж, дагаад өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн тухай яригдаж байна. Манай аймагт энэ сарын 16-ны  байдлаар шатахууны үнэ нэмэгдээгүй, тогтвортой байна.
-Ховд аймгийн хэмжээнд хичнээн шатахуун түгээх станц ажилладаг вэ. Танай байгууллагаас үнийн зохицуулалтад хяналт тавьдаг уу?
-Ховд аймгийн хэмжээнд 50 гаруй ШТС үйл ажиллагаа явуулдаг. Шатахууны үнэ ханш хэвийн байгаа нь ямар нэг зөрчилгүй гэж үзэж болно. Ховд аймагт Нефть бүтээгдхүүний үнэ ханшид аймгийн ЗДТГазартай хамтраад хяналт, шалгалт, тандалт хийдэг. Өрсөлдөөний тухай хуулийн дагуу давамгай байдал эзэлдэг НИК, Шунхлай, Оюу Мандал, Магнай трейд,Тэс петриолиум, Хөрс зэрэг компаниуд манай аймагт  үйл ажиллагаа явуулдаг. Энэ оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар А-80 1760 төгрөг, АИ-92 1860 төгрөг, ДТ-1900 төгрөг, АИ-951860 төгрөгийн ханштай байна. 
Шунхлай ХХК-ийн борлуулж байгаа А-80 1710 төгрөг, АИ-1800, ДТ-1800, Оюу мандал ХХК-ийнх А-80 1750, АИ-1850, ДТ-1840 төгрөгийн ханштай байна.
Харин тус сумдын ШТС-уудад дээрх үнэ ханшаас 10-30 төгрөгөөр доогуур буюу А-80 1710 төгрөг, А-92 1800-1830, ДТ 1800-1830 төгрөгөөр борлуулж байна.
                                                                                                                                          А.Бямбасүрэн
相关新闻