Төрөх тасгийн 3D ЭХО аппарат иргэдийн хандиваар ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-25 18:29:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт  “Назлы” ХХК-нийн захирал М.Тилеубек, “Эрчимбаян-Өлгий” ХХК-нийн захирал М.Тилеуберди нарын гэр бүлээс хандив өргөж, ЭХО аппаратын  3D датчикийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлжээ.

Тус тасгийн зүгээс 2016 онд Турк Улсын "ТИКА" байгууллагад төсөл бичиж, 18 сая төгрөгийн үнэтэй, ургийн гаж хөгжлийг эрт илрүүлэх ач холбогдолтой 3D датчик бүхий ЭХО аппараттай болсон ажээ. Гэвч уг төхөөрөмжийг программ нь байхгүйн улмаас өнөөдрийг хүртэл ашиглаж чадаагүй ба 2D аппаратаар үйлчилгээ үзүүлж ирсэн байна. Саяхан орон нутгийн төсвөөс хоёр сая төгрөг шийдвэрлэж өгч, үлдсэн мөнгийг дээрх нэр бүхий иргэд гаргаснаар 3,5 сая төгрөгөөр холбогдох программыг худалдан авч, 3D датчикийг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн тэдний хандивласан мөнгөн тусламжаар жирэмсний хяналтын хоёр өрөөг шаардагдах багаж аппаратаар хангаж тохижуулжээ.

Сүүлийн үед Төрөх тасагт тусламжийн гараа сунгах иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд иргэн А.Ботагөз сар бүр нярайн өлгий, цамц, малгай, сүү орлуулагч, угж хандивладаг байна.

Төрөх тасгийн үйл ажиллагаа, эх нярайн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулахад сэтгэлийн дэм тусламж үзүүлж буй дээрх залуучуудад тус тасгийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна. 

Ө.Нурболат

相关新闻