150 тонн өвс, 150 тн тэжээл нэмж олгохоор шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-29 13:52:47
Архангай /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан "Шуурхай бүлэг" Архангай аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс 480 тонн өвсийг үнэгүйгээр, 430 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөлтгэй үнээр олгохоор шийдвэрлэсэн байсан юм. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн даргаар ахлуулсан "Шуурхай бүлэг" аймгийн онцгой комиссоос тавьсан санал хүсэлт, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр 150 тонн өвс, 150 тн тэжээлийг нэмж олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

"Шуурхай бүлэг"ийн бүрэлдэхүүнд Улсын онцгой комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн, хошууч С.Мөнхнаран, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Болдбаатар нар байлаа.

Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.

 Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар Засгийн газрын тогтоолоор малчдад олгож байгаа үнэгүй өвс, үнэ хямдруулсан тэжээлийг зорилтот бүлэгт хүргэхэд анхаарч тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, төв суурин газар дулааны эрчим хүчний найдвартай байдлыг хангаж эрчимжүүлэх, гамшигтай холбоотой аливаа зардлыг гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу эхний ээлжинд орон нутгийн төсөв, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж зарцуулах, зудын гамшигт өртөх магадлалтай алслагдсан айл өрх отрын малчин иргэдийн талаарх мэдээллийн санг тодотгож харилцаа холбоог сайжруулах, шаардлагатай тохиолдолд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх талаар төлөвлөгөө гаргах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед байнгын онцгой комисс мэдээллийн шуурхай байдлыг хангаж, улсын Онцгой комиссоос чиглэл авч ажиллах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга зэрэг гамшигт үзэгдлийн мэдээллийг багц месежеер сум орон нутгийн удирдлагуудын гар утсанд шуурхай дамжуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга, сэрэмжлүүлгийг явуулах, цасанд хаагдсан зам давааг онгойлгох техник хэрэгслийн байнгын бэлэн байдлыг хангуулж, тээвэр шатахууны асуудлыг шийдвэрлэх зэрэг үүргийг аймгийн Онцгой комисст үүрэг болголоо.

Мөн Эрүүл мэндийн газарт:
-Сум багийн эрүүл мэндийн төв, эмийн санд халуун бууруулах, нянгийн эсрэг, зүрх судасны зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж ажиллах
-Жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настангуудаа төв суурин газар бараадуулах

Цагдаагийн газарт:
-Үнэгүй олгосон өвс, хямдруулсан тэжээлийг тээврийн зардал нэмж зарахаас сэргийлж хяналт тавьж ажиллах
-Гамшгийн үед ажиллах хүн хүч, техник, байнгын томилгоот бүлгийг томилгоожуулж албаны бэлэн байдлыг хангах, голомтын бүсэд аюулгүй байдлаа хангаж ажиллах
-Отор нүүдэл хийхдээ гэр орон сууцаа эзэнгүй орхиод явсан айл өрхийн эд хөрөнгийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах
-ОХУ-аас импортоор оруулж ирсэн тэжээлийг малчдад мал махаар солилцох ноосны урамшууллаар болон худалдан авах боломжийн талаар малчдад ойлгуулж мэдээллээр хангах

Мэргэжлийн хяналтын газарт:
-Мал амьтны гоц халдварт өвчин гарсан эрсдэлтэй аймгуудаас мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруул. Зөвшөөрөгдсөн гарал үүслийн бичигтэй мал, махыг оруулахад  Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтарч ажиллах үүргийг тус тус өглөө.

Б.Гэрэлт-Од
相关新闻