Хүүхэд харах үйлчилгээ Боловсрол, соёл урлагийн газарт харьяалагдахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-01 10:26:05
Ховд/МОНЦАМЭ/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/011, А/20 дугаар тушаалын дагуу хүүхэд харах үйлчилгээг хүлээлцэх ажлын хэсэг Ховд аймагт байгуулагдлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ЗДТГ-аас Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон боловсрол хариуцсан мэргэжилтэн, Боловсрол соёл, урлагийн газраас аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга, нягтлан бодогч, мэдээллийн сангийн ажилтан, СӨБ хариуцсан мэргэжилтэн, аймгийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газраас Мэдээллийн сангийн ажилтан, нягтлан бодогч, хүүхэд харах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн зэрэг холбогдох албаны хүмүүс багтсан байна.
Энэ  оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, журам стандарт, хүүхэд харагч болон хамрагдаж буй хүүхдийн бүртгэл, байршил, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн хяналт үнэлгээний тайлан зэрэг баримт бичгүүдийг хүлээлцлээ.
Хүүхэд харах үйлчилгээний ажлын хэсэг  тус  аймгийн  Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд аймагт хүүхэд харах үйлчилгээний 23 төвд 26 хүүхэд харагч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр хүүхэд харагч иргэд шинэ тогтоолын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, Боловсрол Соёл Урлагийн газарт харьяалагдан ажиллаж эхэллээ.
                                                                                                                                          А.Бямбасүрэн
相关新闻