Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид жагсав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас улс орон даяар өнөөдөр зохион байгуулсан тайван жагсаалыг Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид дэмжиж Өлгий хотын төв талбайд жагслаа.
Тайван жагсаалын үеэр аймгийн АН-ын дарга Е.Зангар: "Бид хоёр дахь жагсаалаа хийж байна. Эрх баригчид ард түмнийг сонсох дургүй байна. Баян-Өлгий аймагт 2-3 сар үргэлжилсэн улс төрийн хямралт нөхцөл байдал одоо хүртэл арилаагүй. Ард түмний амьдрал доройтлоо. Иргэд халамжийн мөнгөө авах гэж бүх банкуудад шөнийн гурван цагаас дугаарлаж байна. МАН анх гарахдаа хүүхдийн мөнгийг алагчлалгүй өгнө, татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гэж амласан. Гэхдээ есөн төрлийн татвар нэмж, ард түмний нуруунд хүнд ачаа үүрүүлснийг эсэргүүцэж байна" хэмээлээ.
Зохион байгуулагчид эрх баригчдыг 2016 оны сонгуульд өгсөн амлалтаа биелүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, тэтгэвэрт гарах насыг хуучин хэвэндээ оруулах, "Насны хишиг"-ийг 60-аас дээш насны бүх ахмадуудад өгөх, аймгийн ИТХ-ын чуулганаар олонхийн саналаар огцруулахыг дэмжсэн аймгийн Засаг дарга А.Гылымханыг хамгаалсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг цуцлах зэрэг 13 төрлийн шаардлагыг УИХ, Засгийн газар болон аймгийн удирдлагуудад хүргүүлж, хариуг нь 30 хоногийн дотор эргэж мэдээлэхээ илэрхийллээ.
Ө.Нурболат
.