Дулааны станцын ТЭЗҮ-ийг эхний хагас жилд боловсруулж дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-05 10:14:09
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Дулааны станц, дулааны төв шугам сүлжээ барих асуудлаар БНСУ-ын KDHI компани болон Эрчим хүчний яамны төлөөллүүд Цэцэрлэг хотод ажиллаж, аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй өнгөрсөн сарын сүүлээр уулзжээ.

Тэд Архангайн халаалт дулааны өнөөгийн бодит байдалтай танилцсан байна. Одоо ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд аймаг орон нутгийн зүгээс шаардлагатай мэдээллээр цаг алдалгүй ханган ажиллаж байна. ТЭЗҮ боловсруулах гэрээт хугацаа 2018 оны 6 дугаар сард дуусна.
Дулааны станц барьж байгуулах талаар БНСУ-тай ЭХЯам хамтын гэрээг 2017 оны 7 дугаар сард байгуулсан. Тус гэрээний дагуу ТЭЗҮ дахин боловсруулахаар зарласан тендерт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын KDHI компани шалгаран гэрээ байгуулжээ. 
Архангай аймагт шинэ дулааны станц баригдсанаар Цэцэрлэг хот дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдохоос гадна орон нутагт ажлын байр шинээр бий болно. Мөн аймаг орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Тухайлбал, шинэ хорооллууд баригдахаас гадна аймгийн төвийн орон сууц, аж ахуй нэгж, гэр хорооллын айлууд дулааны нэгдсэн сүлжээнд холбогдож, байнгын хэрэглээний халуун устай болох боломж бүрдэх юм.
Мөн агаарын бохирдол багасч, хүн амын эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлж, дулаан хангамжийн чанар сайжирна.
Б.Гэрэлт-Од
相关新闻