Жаргалант сумын “Харганадсан эмээл” алдартай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-05 10:36:18
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт биет болон биет бус өв соёлын олон зүйл байдгийн нэг нь Жаргалант сумын “Нутгийн брэнд” бүтээгдэхүүн болох модон эмээл юм. Морь дагасан хэн ч Архангайн Жаргалантын эмээлийг андахгүй. Зорьж очиж авдаг нь ч олон юм. Жаргалант сумын эмээлчид нам дугуй эмээл, боржгин эмээл, хүүхдийн эмээл, гоёлын эмээл, харганадсан эмээл, орос эмээл зэрэг олон төрлийн эмээлийг үйлдвэрлэж, яс, мөнгө, хув зэрэг бүтээгдэхүүнээр хярлан урладаг чадварлаг урчууд юм.

Жаргалант нутгийнхан эмээлийн бүүрэгний нүүр хавтсан дээр алтан харгана, хад жимсний ишний хальс өнгө зохицуулан наан, үндэсний өлзий утас хээ урласан гоёмсог эмээл хийдэг байсныг “Харганадсан эмээл”  гэдэг байсан байна. Энэ төрлийн эмээл урлалаараа Н.Пагваа, Ж.Дамдинсүрэн болон эмээлч эмэгтэй Б.Цэрэндулам нарын эмээлчид ус нутагтаа нэрд гарч байжээ. Мөн Жаргалант сумын Дүвчин хэмээх сайн эмээлч дээхэн үед эмээлийн бүүрэгний нүүр, хяр, хавтсан дээр өнгө өнгийн шилээр паалан гүйлгэж, солонгорон гялалзсан хээ чимэг тавьж гоёлын эмээл хийдэг байжээ.

Одоогийн байдлаар Жаргалант сумын эмээл гэх соёлын өвийг бүтээж, урлаж буй Ө.Доржгочоо, Ч.Вандандорж, С.Пүрэвсүрэн, Ч.Төртулга гээд шилдэг эмээлчид олон бий. Мөн тэднээс дутахааргүй эмээл урладаг олон залуучууд ахмад эмээлчид болон бие биеэсээ суралцаж явна.

Б.Гэрэлт-Од
相关新闻