Завхан аймаг нийт нутгийнхаа 15.1 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь" төслийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн 16 сумын 63 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.
Эдгээр сумдын мэдээллийг мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулаад байна. Тухайлбал 2014 онд Отгон сумын нэг газрыг, 2015 онд Дөрвөлжин сумын 11 газар, 2016 онд Завханмандал сумын нэг газар, 2017 онд 15 сумын 50 газрыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авч Уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлээд байгаа юм. Дээрх 63 орон нутгийн тусгай хамгаалалттай газрын талбайн хэмжээ нь 1242966.44 га буюу Завхан аймгийн газар нутгийн 15,1 хувийг эзэлж байгаа ажээ.
Завхан аймгийн хувьд Улсын тусгай хамгаалалттай нутаг аймгийн газар нутгийн 10,5 хувийг, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар 15,1 хувийг эзэлж байгаа ба нийт газар нутгийнхаа 25,6 хувийг ийнхүү хамгаалалтад оруулаад байна.
Б.Мягмарсүрэн