Зарим сургуулийн төгсөгчид өөрсдийн санаачлагаар сургуулиа тохижуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил багшийн ёс зүй, харилцаа хандлагын талаар бүх сумын багш нартаа сургалт зохион байгуулж хүүхдэд ээлтэй сургалтыг чухалчлахаас гадна сургалтын орчныг сайжруулж байна.
Тухайлбал өнгөрсөн жилийн сүүлээр ашиглалтанд авсан Улиастай сумын III сургууль, 8-р цэцэрлэгийн хичээлийн шинэ байранд зарим тохижилтыг олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хийжээ. Үүнд хүүхдүүдэд зориулсан спорт заал, хөгжмийн танхим, номын сангийн танхимыг иж бүрэн тохижуулжээ. Спорт зааланд хүүхдүүд спортын бүхий л төрлөөр хичээллэхээс гадна теннисний бүрэн тоног төхөөрөмж, хөгжмийн танхимд 7-13 төрлийн хөгжмийн зэмсэг, урлагийн зарим хувцас гээд танхим бүрт шаардлагатай тоног төхөөрөмжтэй болжээ. Харин энэ жилд Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн шинэ байр, Баянхайрхан сумын хичээлийн байр, спорт заалны барилга, Тэлмэн, Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн барилгуудын ажил үргэлжилэх юм байна. Ийнхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтуудаас гадна мөн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан сургалтын орчныг сайжруулах тал дээр зарим сургуулиуд анхаарч ажиллаж байгаа сайн жишээ байна. Тухайлбал Алдархаан, Цагаанчулуут сумын сургууль, Дэвшил сургуулийн зарим төгсөгчид өөрсдийн санаачлагаар багш ажиллагсадтай хамтран зарим анги танхимыг тохижуулах засварын ажлыг хийжээ.
Б.Мягмарсүрэн