Завханы 22 сумын Эрүүл мэндийн төв онлайнд холбогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 22 сумын Эрүүл мэндийн төвийг тоног төхөөрөмжөөр хангаж онлайнаар мэдээлэл солилцох зарим шаардлагатай эмчилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 24 сумаас 22 сумын ЭМТ, сум дундын эмнэлэгт төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийг түшиглэн алсын зайн сургалт, онлайн хурлыг амжилттай хийж нэгдсэн холболтын системийг бүрэн суулгажээ.
Төслийн багийнхан сумын эмнэлгүүдийн мэдээллийн мэргэжилтнүүдэд алсын зайн системд хэрхэн холбогдох, сургалт, хурлын үеийн бэлэн байдлыг хангах, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл сургалтыг амжилттай өгсөн байна. Ийнхүү сумын эрүүл мэндийн төвүүд шууд онлайн болсноор иргэдэд олон давуу тал гарч байна. Учир нь иргэдийн зарим өвчний мэдээллийг онлайнаар шууд өгснөөр сумын эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас шууд зөвлөгөө, эмчилгээг авдаг болжээ. Иргэд өвдсөн тохиолдолд заавал аймгийн төв орж шинжилгээ өгөх, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй болсон байна. Мөн цахим бүртгэлийг амбулаторийн хэмжээнд ажиллуулснаар үйлчлүүлэгчдийн бүртгэл нь цахим хэлбэрт шилжин үйлчлүүлэгчид энэ бүртгэлээр хэд хэдэн эмчид үзүүлж зөвлөгөө авах боломжтой үйлчилгээ шуурхай болж зардал чирэгдэлгүй болжээ. Сумын эмч нарын хувьд дадлага туршлагатай болж сумандаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог ч хийх боломжтой болж байна.
Б.Мягмарсүрэн