Цэвэрлэх байгууламжийг барих ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-23 17:47:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын цэвэрлэх байгууламжийг барих ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ.
Тус сумын цэвэрлэх байгууламж нь 1971 онд нэгдүгээр сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төслийг нь хийж, хоногт 168 м3 бохир усыг 83 хувь цэвэрлэх хүчин чадалтайгаар барьсан. Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн уршгаар бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байгаа билээ.

Мэргэжлийн хяналтын газраас  цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасан тул хуучин цэвэрлэх байгууламжийн хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барихаар болсон юм. Энэхүү цэвэрлэх байгууламжийг байгуулах захиалагч, гүйцэтгэгч компаниуд өнөөдөр уулзаж, шинэ цэвэрлэх байгууламж барихтай холбоотой асуудлаар ярилцлаа. Цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны 8,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулах бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сард эхлүүлж, 2019 оны 5 дугаар сард дуусгах юм байна. Шинээр барих байгууламж нь 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй байх юм.

Д.Мишигсүрэн

相关新闻