Хотонт суман дахь ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-05 11:28:40
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотонт суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор энэ нутгаар дайрч Завхан, Хөвсгөл аймгууд руу зорчих тээврийн хэрэгслийг тус сумын нутагт зогсоохгүй шууд явуулах зорилгоор ШТС-ын үйл ажиллагааг  түр зогсоосон байна.    
 
Хотонт сумын Бургалдай багийн малчин Батжаргалын 16 үхэрт энэ сарын 1-ний өдөр гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Газар дээр нь малын эмч ажиллаж үхрээс дээж авч гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Улсын мал эмнэлгийн төв лабораторид явуулахад малын гоц халдварт шүлхий өвчин мөн болох нь баталгаажиж иржээ. Малчин Батжаргалынхаас 7 км-ийн зайд байх Өгийнуур сумын Дойт багийн малчныд мөн шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн нь баталгаажжээ. 

Өнөөдрийн /03.05/ байдлаар Хотонт сумын Бургалдай багийн голомтод 6 өрхийн 54 үхэр, 1 ямаанд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Өгийнуур сумын Дойт багийн 4 малчин өрхийн 60-аад үхэрт шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээг аймгийн ОБГ-т ирүүлжээ.

Дээрх хоёр суманд гуравдугаар сарын 3-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг тогтоосон бөгөөд шүлхий өвчнөөр халдварласан малыг өнөөдрөөс эхлэн устгах юм байна.

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтыг шүлхийн шинж тэмдэг илэрсэн малчны хотоос 5 км-ийн тойрогт тогтоосон бөгөөд голомтыг тойруулж хяналтын болон ариутгалын цэгийн постыг Хотонт сумаас 6, Өгийнуур сумаас 2-ыг гарган ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийн сахиулан ажиллаж байна.

 
Б.Гэрэлт-Од
相关新闻