Дэлүүн сумын 80 жилийн ойг угтсан барилдаанд Б.Серик түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-10 18:12:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлүүн сум болон тус сумын сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярыг угтан өчигдөр зохион байгуулсан хүчит 64 бөхийн барилдаанд Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх улсын начин Б.Серик түрүүлж, Дэлүүн сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэлээ.

Аймгийн Спорт цогцолборт болсон тус барилдаанд Алтай сумын харьяат бөх аймгийн арслан М. Еркебулан, аймгийн заан С.Бат-Үүл нар шөвгөрдлөө.

Дэлүүн сум болон тус сумын сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярыг угтсан урлаг, спорт, соёлын арга хэмжээнүүдийг сумын ИТХ болон ЗДТГ, аймаг дахь Нутгийн зөвлөл аймгийн төвд энэ сарын 9-10-ны өдрүүдэд  зохион байгуулж байгаа юм. Ойн баярыг угтсан ажлууд өнөөдөр аймгийн Хөгжимт Драмын Театрт Дэлүүн сумын уугуул баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, айтыс буюу харилцаа дууны тэмцээн, сумын уран сайханчдын урлагийн тоглолтоор үргэлжилж байна.

Дашрамд дурдахад, Дэлүүн сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг ирэх долдугаар сарын 14-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Ө.Нурболат

相关新闻