Нялх, бага насны хүүхдийн хооллолтын сэдвээр сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт 2020 он хүртэл НҮБ-ын санхүүжилтээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Хүүхдэд ээлтэй засаглал” хөтөлбөрүүд 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаатай холбоотойгоор аймгийн эрүүл мэндийн салбарын анхан шатны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болох сувилагчдыг “Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх” 5 хоногийн сургалтад хамруулж, тэдний ур чадварыг нэмэгдүүлж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж байна.
2018 оны 3 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд явагдаж буй энэхүү сургалтад хамрагдсанаар жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэзээ, ямар хоолыг хэдий хэмжээтэй, өдрийн хэдэн удаагийн давтамжтайгаар хооллох тухай ганцаарчилсан зөвлөгөө өгөх ур чадварт суралцах ач холбогдолтой юм. Энэхүү сургалтыг зохион байгуулахын тулд НҮБ-аас өнгөрсөн онд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмчийг сургагч багшаар сургажээ.
Энэ сургалт өнгөрсөн онд явагдсан бөгөөд нийт 122 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байсан. Харин энэ онд сургалтыг 3, 4, 5 дугаар саруудад зохиохоор төлөвлөсөн байна.
Э.Нарангэрэл