“Аавуудаа сонсъё” уулзалт, ярилцлага болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-19 14:27:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн аймаг дахь салбар зөвлөл хамтран “Аавуудаа сонсъё” уулзалт, ярилцлагыг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 
Энэхүү уулзалтад Алтай нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, залуу хойч үедээ хүндлэгдсэн, өөрөөр хэлбэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, гэр бүлийн байдал тогтвортой, бусдад үлгэр жишээ болсон ахмад үеийн төлөөлөл есөн бахархалт аавуудыг онцолсоноос гадна Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн 50 гаруй хөвгүүд хүрэлцэн ирсэн юм.
Эдгээр аавууд салбар бүрт ажиллаж байсан ахмад үеийн төлөөлөл учир хөвгүүд тэдний ажлын туршлага, амьдралынхаа замналын сургааль зөвлөмжийг сонсохоос гадна өөрсдийн сонирхож буй мэргэжил, түүний ач холбогдлын талаар харилцан ярилцав. 
Хөвгүүд ирээдүйд айл гэрийн ноён нуруу болох учир үр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлж, эр хүний амьдралын чиг шугам ямар байх ёстой, сайн аав болохын тулд юуг чухалчлан анхаарах ёстойг аавууд онцолж байлаа. 
 
Э.Нарангэрэл
 

 

相关新闻