Монгол эмэгтэй хүний дундаж өндөр нь 157.7 см байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-20 16:07:31
Архангай /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн талаар хийсэн сонирхолтой тоон судалгаа байна. Монгол Улсын нийт хүн амын 1.585.952 нь охид, эмэгтэйчүүд байгаагийн 69 хувь нь Улаанбаатар хотод, 31 хувь нь хөдөө амьдардаг ажээ. Монгол эмэгтэй хүний дундаж өндөр нь 157.7 см,  биеийн жин нь 59.4 кг бөгөөд дунджаар 76 насалдаг байна.

Эмэгтэйчүүд дунджаар 24.5 насандаа гэрлэж, дунджаар 2-3 хүүхэд төрүүлдэг байна. Нийгмийн талаасаа нийт эмэгтэйчүүдийн 580.1 мянга нь ажилтай, 808.000 төгрөгийн орлоготой, 4.9 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг ба 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог байна.

Архангай аймгийн тухайд 2015 оноос хойш хүн амын тоо тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн тоо өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2015 онд охид эмэгтэйчүүд 45905, 2016 онд 46682, 2017 онд 47360 болжээ. Энэ дундаас зөвхөн охидыг авч үзвэл 2017 онд нийт 33457 хүүхэд тоологдсон ба 16523 нь охид байна. 16 мянга гаруй охидоос бүтэн өнчин 60 байгаа нь өмнөх 2015, 2016 онуудынхаас 3-14 тоогоор буурсан байгаа юм. Харин хагас өнчин охид 842 байгаа нь өмнөх онуудын тооноос өссөн дүнтэй гарчээ.

2017 оны судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 511 хүүхэд байгаагийн 375 нь охид байна. Судалгааг хийх явцад гэмт хэрэг зөрчилд холбогдсон эмэгтэй хүүхэд сүүлийн 2 жилд байгаагүй байна. 

Архангай аймгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр хангагдсан байдаг талаарх тоон судалгааг дурдая. Аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 6 нь эмэгтэй төлөөлөгч бол сумдын нийт 472 төлөөлөгчийн 110 нь эмэгтэй төлөөлөгч байна.  
Б.Гэрэлт-Од
相关新闻