Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-20 20:52:06
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оныг “Хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийг бууруулах” жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд 19 сумын 26 хамтарсан багийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн асуудлаар хамтран ажиллах, үйлчилгээг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах нь” бүсчилсэн сургалтыг энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар сумдын хамтарсан багийн гишүүдэд “Хүүхэд, гэр бүлийн салбар дахь хууль эрх зүйн шинэчлэл”, “Хамтарсан багийн ажиллах журам”, “Хамтарсан багийн нөхцөл байдлын үнэлгээ нь эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд нотлох баримт болох нь”, “Насанд хүрээгүй хүүхэд холбогдож, хохирсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд”, “Гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийх”, “Хүүхдийн нөхцөл байдалд үнэлгээ хийх аргачлал” гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, мэдлэгийг нь нэмэгдүүлж байна. Мөн хамтарсан багийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааны сайн туршлагаа хуваалцаж мэдээлэл солилцов.

Хамтарсан багийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдлэгээрээ уралдацгаая” уриа бүхий “Хууль эрх зүйн олимпиад”-ыг зохион байгуулжээ. Олимпиадад Баттцэнгэл сумын хамтарсан баг түрүүлж, Төвшрүүлэх, Булган сумын хамтарсан багууд удаах байруудад оржээ.

Сургалтыг аймгийн Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Японы хүүхдийг ивээх сан, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын "Архангай ОНХХ" хамтран зохион байгуулжээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻