“Бэлэн бай” сургалтын сургагч багшийг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-23 14:49:09
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, орон нутгийн Дэлхийн зөн Архангай 1, 2 байгууллага, Улаан загалмайн хороо хамтран аймгийн хэмжээнд сургалт зохион байгуулах “Бэлэн бай” сургалтын сургагч багш нарыг бэлтгэлээ. Цаашид эдгээр сургагч багш нар өөрийн орон нутаг болон аймгийн нийт 19 сумын иргэдэд гамшгийн тухай ойлголт, байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, өөрийгөө болон бусдыг хамгаалах арга ухаан, анхны тусламж үзүүлэх, өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх талаар мэдлэгийг түгээн ажиллах юм.

“Бэлэн бай” сургалтад Эрдэнэбулган, Хайрхан, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат сумаас нийт 30 сургагч багш бэлтгэгдэж, сургагч багшийн гэрчилгээтэй болсон юм. Тус сургалтыг энгийн ойлгомжтой, оролцооны аргад тулгуурлан мэдлэг түгээх сургалтын арга зүйгээр зааж сургасан нь оролцогчдод сонирхолтой байсан нь онцлог байлаа.

Сургалтын үр дүнг оролцогчдоор хичээл заалгаж, 30 асуулт бүхий тестээр шалгалт авч үнэлж дүгнэжээ.

Б.Гэрэлт-Од
相关新闻