МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургууль наурызын баяр тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-23 15:13:34
Архангай /МОНЦАМЭ/. Казах түмний үндэсний их баяр наурызын баярыг МУБИС-ийн Архангайн багшийн сургуульд суралцаж байгаа казах оюутнууд, багш нарынхаа дунд тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хүрээнд тус сургуульд суралцаж байгаа Баян-Өлгий, Ховд аймгаас ирсэн казах оюутнуудаас сургуулийн удирдлага, багш, ажилчид, оюутнуудад зориулан наурызын баярын мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолт хийсэн юм.

Энэ нь казах түмний ёс заншил, урлаг соёлын онцлогийг багш, оюутнуудад сурталчлан танилцуулсан сонирхолтой үйл явдал болсон юм.

Архангай аймгийн Багшийн сургууль байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл нийт 300 гаруй казах оюутнуудыг багш мэргэжлээр төгсгөсөн бөгөөд тэд эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ажээ. Энэ хичээлийн жилд тус сургуульд 10 казах оюутан сурч байна.
МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургуулийн захирал Г.Баярболд “Багшийн сургуулийн хөгжил дэвшил, шинэчлэлт өөрчлөлтийн бүх цаг үед Казах түмний маань оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их. Цаашид ч улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна” гэв.
Б.Гэрэлт-Од
相关新闻