Говь-Алтай аймаг улсдаа анх удаа өсвөр насныхны сэтгэлзүйн төлөв байдлыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-27 18:02:20
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт НҮБ-ын хүүхдийн сангийн  “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан улсдаа анх удаа өсвөр насны хүүхдүүд буюу 6-12 дугаар ангийн нийт сурагчдын сэтгэлзүйн төлөв байдлыг судлах, үүнийг үндэслэн хүүхдийг танин мэдэж цаашид тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэх нөлөөлийн ажлуудыг зохион байгуулахаар аймгийн ЗДТГ-аас судалгааны ажлаа эхлүүллээ. 
Судалгааны үндэс суурь болгож НҮБ-ын хүүхдийн сан, Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтран аймгийн өсвөр насныхны сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгааны ажлын аргазүй, судлаач бэлтгэх өсвөр үеийн нийгэм, сэтгэлзүйг дэмжих зорилгоор “Нийгмийн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нөлөөллийн арга хэмжээ”-г 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 
Энэхүү долоо хоногийн арга хэмжээнд аймгийн 18 сумын Эрүүл мэндийн төвийн болон боловсролын салбарын нийгмийн ажилтнууд, сургууль, цэцэрлэгийн багш, АШУҮИС-ийн салбар сургуулийн оюутнууд, өсвөр үеийнхэн, 18-35 насны залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдид оролцож,  сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэгийг хэрхэн өгөх арга зүйн сургалт,  зөвлөн туслах аргачлал болон уур бухимдлаа даван туулах стресс менежмэнтийн лекц, сургалтад  хамрагдаж байна. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал В.Баярмаа, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай нар удирдан зохион байгууллаа.  Уг нөлөөллийн арга хэмжээнд одоогийн байдлаар давхардсан тоогоор 1700 орчим иргэд хамрагдаад байна.  
 
 
Э.Нарангэрэл
 
相关新闻