“Ирээдүйн эзэд” үндэсний мэргэжил сонголтын аян нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-09 16:26:31
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ирээдүйн эзэд” үндэсний мэргэжил сонголтын аян Архангай аймагт үргэлжилж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд ахлах ангийн 300 гаруй сурагч оролцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Б.Болормаа уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүүхэд, залуучуудад зориулсан хөрөнгө оруулалт бол ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө юм. Улс орны үнэт баялаг болсон хүүхэд, залуучуудын тоо өсөн нэмэгдэж буй өнөө үед үр дүнтэй ажиллаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Орон нутгуудад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгууллаа. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хүлээн авах арга хэмжээг төрийн болон төрийн бус 40 байгууллагын төлөөлөл 250 залуучуудыг хамруулан зохион байгууллаа. Мөн аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн а/91 тоот захирамжаар аймгийн Засаг даргын орлогч даргаар ахлуулан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Цаашид хүүхэд, залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн олон олон ажлыг үе шаттай зохион байгуулан аймгийн нийт хүүхэд, залуучуудын 40 хувьд хүрч ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна” гэдгийг онцлон хэллээ. 



Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" сэдвээр илтгэл тавив.

Энэхүү “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аянг 21 аймаг, 9 дүүргийн 87187 хүүхдийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Архангай аймгийн хувьд нийт хүн амын 33457 нь хүүхэд, 32791-ийг залуучууд эзэлж, ажиллаж амьдарч байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻