Аймгийн аварга шатарчид тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-09 18:07:37
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн насанд хүрэгчдийн шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг БТСГазар, аймгийн Шатрын холбоо хамтран энэ сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй насны ангилалаар 32 тамирчин оролцсон байна.

Тус тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, удирдах зөвлөлийн гишүүн н.Баатар нар хүрэлцэн ирж оролцсон. Тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байранд Төвшрүүлэх сумын шатарчин н.Шаравдорж, эмэгтэй төрөлд нь Эрдэнэбулган сумын шатарчин н.Долгор нар тэргүүн байранд оржээ.

Дашрамд дуулгахад шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг ирэх 5-р сарын 3-нд Архангай аймагт зохион байгуулах юм байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн Шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн юм. Тус тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан Монгол Улсын өндөр зэрэглэлтэй, их мастер, мастер цолтой 24 шатарчин оролцох ажээ.

Шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөл бүрд шалгарсан 10 шатарчин Гүрж улсын Батуми хотод 2018 оны есдүгээр сард болох Шатрын дэлхийн олимпиадад оролцох эрх авах юм байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻