Өглөөгүүр нохойд уруулах эрсдэл өндөр байна хэмээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай суманд золбин нохойн тооллогыг зургаан хэсэгт замналын аргаар тоолж, нохойд уруулах эрсдлийг тооцон гаргажээ. Тус судалгааг аймгийн ЗӨСТ, Улиастай сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ.
Судалгааг нийт зургаан хэсэгт хийхэд нохой таарах магадлал 223 удаа, давхардсан тоогоор эзэнтэй нохойтой 184, золбин нохойтой 170 удаа тус тус тааралдах магадлалтай байна. Мөн энэ тооллогын үед золбин нохойтой ойр байсан хүн давхардсан тоогоор насанд хүрэгч 321, хүүхэд 307 буюу нохойд уруулах магадлал нь Улиастай сумын хэмжээнд нэг хүнийг 0.6 буюу 60 хувийн магадлалтай гэж гаргажээ. Аймгийн төв Улиастай сумын хэмжээнд эзэнтэй золбин нохойтой таарах магадлал 60.5 хувь, золбин нохойтой таарах магадлал 47.1 хувь байна.
Нохойд уруулах эрсдлээр насанд хүрэгч 55.2 хувь, хүүхэд 37.7 хувьтай байна. Харин нохойд уруулах эрсдэл хамгийн их байгаа хэсэг нь аймгийн төвийн захын хороолол буюу Шинэ хорооны хэсэг байгаа бол эрсдэл бага байгаа хэсэг нь төвийн хэсэг байна. Нийт 223 удаагийн тохиолдлыг цагаар нь авч үзэхэд өглөөний 08.40-09.00 хооронд хамгийн их буюу 98 тохиолдол нь дээрх цагт бүртгэгдсэн байна. Тиймээс иргэдийг нохойгоо хашаанаасаа гаргахгүй байнгын уяатай байлгах. Харин золбин нохойн устгалыг улиралд нэг удаа хийж байх. Эзэнтэй нохдыг бүртгэлжүүлэх, сул тавьсан тохиолдолд эзэнд нь хариуцлага тооцож байх хэрэгтэй хэмээн аймгийн ЗӨСТ-өөс мэдээлэв.
Б.Мягмарсүрэн