"Саран хөхөө" жүжгийг 100 орчим жилийн дараа тоглох гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Говийн догшин ноён Хутагт Д.Данзанравжаагийн энэхүү бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тоглох гэж байна. Монголын анхны дуулалт жүжиг болох "Саран хөхөө" жүжгийг хутагтын байгуулсан Цагаан толгойн хийдэд анх 100 орчим жилийн өмнө тоглуулсан гэж үздэг аж.
Ирэх сарын 16-ны өдөр хоёр удаа "Саран хөхөө" дуулалт жүжгийг, "Бардам туулай" хүүхдийн жүжгийг мөн хоёр удаа үнэ төлбөргүй үзэх ховорхон боломжийг тус сумын ЗДТГ-ын зүгээс нутгийн иргэддээ олгож байгаа юм байна. Мөн Ханбогд суманд байгуулсан Үлэмжийн чанар соёлын өргөөний нээлтийн ёслол тавдугаар сарын 18-нд болох юм. Энэхүү Соёлын өргөө нь аймагтаа төдийгүй улсдаа томоохонд тооцогдох 390 хүний суудал бүхий үзэгчийн танхим, тайз, гэрэлтүүлэг хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн циркийн үзүүлбэр тоглогдох боломж бүхий өргөө юм байна. Уг нээлтийн ажлыг угтан ийнхүү сумынхаа иргэдэд "Саран хөхөө" дуулалт жүжгээр бэлэг барьж байгаа ажээ.
Говийн догшин ноён Хутагт Д.Данзанравжаа тус сумын Галбын говьд гурван хийд байгуулсан түүхтэй бөгөөд нэг нь дэлхийн энергийн төв цэг гэгддэг Дэмчогын хийд, нөгөө нь Эрээтийн хийд билээ.
Д.Мишигсүрэн