Олон хотын тэмцээнд Дарханы өсвөрийн бөхчүүд хоёрдахиа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-28 23:43:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд боллоо.
Монголын чөлөөт бөхийн үе үеийн олон шилдэг тамирчид амжилтын гараагаа эхлүүлж байсан олон жилийн түүхтэй энэхүү тэмцээнд хот, хөдөөгийн нийт 27 байгууллагын 481 тамирчин хөвгүүдийн 13, охидын долоон жинд өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Буриадын улсын Хиагт, Кижингагаас 10 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт ирж оролцжээ.
Ингээд хөвгүүдийн 30 кг-ын жинд Пурбо Эрдынеев (ОХУ, Буриад), 34 кг-д Г.Ганзориг (Орхон, Ирээдүйн одод), 38 кг-д Р.Мөнх-Эрдэнэ (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), 42 кг-д Ц.Баярсайхан (Налайх, “Голомт” цогцолбор), 45 кг-д М.Жангар (Ирээдүй), 48 кг-д Э.Энхболд (Төв), 51 кг-д Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг), 55 кг-д П.Дашцэрэн (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), 60 кг-д Владимир Ринченов (ОХУ, Буриад), 65 кг-д Б.Буд (73-р сургууль), 71 кг-д Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг), 80 кг-д А.Мягмарсүрэн (Хангарьд), +90 кг-д М.Ганзориг (Хөх Эрчис) нар аваргалсан байна.
Тэмцээний охидын 40 кг-д Э.Одгэрэл (Төв), 45 кг-д Ц.Халиун (Хангарьд), 50 кг-д Д.Отгонжаргал (Женко), 55 кг-д Т.Алтжин (ТСБТСДуС), 60 кг-д Б.Отгонтуяа (Алдар), 65 кг-д М.Рэнцэнханд (Хангарьд), 70 кг кг-д Ө.Одбаг (Өмнөговь) нар жин тус бүртээ аваргаллаа.
Багийн дүнгээр Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клуб 58 оноогоор тэргүүлсэн юм. Дарханы өсвөрийн бөхчүүд өнгөрсөн жил тус тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж байсан бол энэ удаа амжилтаа дахин баталжээ. Харин Г.Нямбаяр дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургууль, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб тус бүр 39 оноогоор хоёр, гуравдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээнийг олон улсын 11 шүүгч, улсын 11 шүүгч шүүж, ерөнхий шүүгчээр Г.Амархүү ажилласан байна. Энэхүү 41 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монгол ардын нам, Биеийн тамир спортын газар, аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻