ЕБС-ийн сурагчдын бүжгийн урлагийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-30 12:06:46
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүжиг ангийн хамт олон Дэлхийн бүжигчдийн баярын өдрийг  үр бүтээлтэй ажлын амжилтаар угтдаг уламжлалтай. Үүний нэг бодит хэлбэр бол аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд бүжгийн урлагийн наадмыг зохион байгуулж хэвшээд байгаа явдал юм.
Хоёр жил тутам зохион байгуулдаг уг наадмын гол зорилго нь хүүхдүүдэд гоо зүйн мэдлэг, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгохоос гадна чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь түлхэц өгөхөд чиглэгддэг байна. Улмаар энэхүү наадмаар дамжуулан бүжгийн урлагийг сурталчлан таниулах,  ирээдүйн боловсон хүчин бэлтгэх томоохон бодлогын чанартай арга хэмжээ болж байдгаараа онцлог аж. Энэхүү наадам нь Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Лувсандашийн нэрэмжит болгосоор даруй гурав дахь удаагийн наадам болж буй юм. Энэхүү алдарт бүжигчний алдрыг мөнхжүүлэх, олонд таниулах, бүжгийн урлагийг дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр гэдгээрээ наадмын ач холбогдол оршиж байгаа хэмээн бүжиг ангийн багш, МУСТА Э.Ганзориг хэллээ.
Энэхүү бүжгийн наадам ардын бүжиг, зохиомжит гэсэн төрлүүдээр гоцлол буюу хамтлаг бүжигчдийг 5-7-р анги, 8-12-р анги гэсэн насны ангиллаар шалгаруулдаг байна. Шалгаруулалтыг бүжгийн ур чадвар, ритм сонсгол, тайз эзэмшилт, хөдөлгөөний гүйцэтгэл, хувцаслалт, фонограмм гэсэн үзүүлэлтийг харж хийдэг гэнэ.

МУГЖ Д.Лувсандаш нь 1967-1987 онуудад Сэлэнгэ аймгийн соёлын ордон, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгад бүжгийн багшаар ажиллаж байх хугацаандаа олон үндэстэн ястны бүжгийг чадварлаг дэглэн найруулж байжээ. Түүний дэглэсэн “Малчны хүүхдүүд”, “Урианхай” зэрэг бүжгүүд нь бүх ард түмний урлагийн их наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, удирдсан бүжиг анги нь МХЗЭ-ийн алтан медалиар шагнуулж байсан байна.
Ингээд МУГЖ Д.Лувсандашийн нэрэмжит бүжгийн тэмцээнээс гоцлол төрөлд Түнхэлийн М.Мөнхчимэг алт, хамтлаг төрөлд мөн Түнхэл тосгоны “Эрдэнэс 5” хамтлаг тус тус алтан медаль хүртжээ.
Бүжгийн наадамд Сэлэнгэ аймгийн 16 сум, гурван тосгоны 29 багийн 400-аад бүжигчин хүүхдүүд оролцож, бүжиглэх авьяасаараа өрсөлдсөн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻