Д.Бүрэнжаргал:Хаягдал бууцаа цуглуулан бордоо бэлдэх боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-09 22:23:54
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ түмний хувьд хаврын тариалалтын ид ажил өрнөж байна. Энэ жилийн тариалалтын онцлог хийгээд аймаг орон нутгийн зүгээс энэ салбарт хандуулж байгаа бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг хуваалцахаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын ХАА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Бүрэнжаргалтай уулзаж ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу?Сэлэнгэ нутагт маань хаврын тариалалтын нөр их ажил эхлээд байна. Энэ жилийн тариалалт хэзээнээс эхлэв, тариалалтын онцлог юу байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Сайхан хаваржиж байна. Ерөнхийдөө тариалалтын их ажил гуравдугаар сард эхэлсэн. Ногоочид маань үрслэгээр тариалдаг байцаа, сонгино бусад нарийн ногоогоо тариалж, оройн ургацын ногооны ажлуудаа хийж байна. Улаан буудайн хувьд зарим сум тавдугаар сарын 5-наас эхэлсэн. Мөн Засгийн газраас үрийн, шатахууны, ургамал хамгааллын бодисын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлээд байгаа. 2019 онд атар газар эзэмшиж тариалангийн үйлдвэрлэл хөгжсөний түүхт 60 жилийн ойн өмнөх жил учраас ихээхэн онцлог жил байх болно.
-Энэ жил Сэлэнгэ аймаг хичнээн га-д хэдий хэмжээний тариа,  ногоо тариалахаар бэлтгэж байна вэ?
-Бид 2018 оны тариалалтын бэлтгэл болох 123.1 мянган га талбайд чанарын өндөр түвшинд химийн болон механик уринш бэлтгэсэн. Энэ жил аймгийн хэмжээнд нийтдээ 180 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаагаас 167.5 мянган га-д үр тариа үүнээс улаанбуудай уриншинд 128.0 мянган га, гуурсанд 12000 га, бусад үр тариа 2300 га, тэжээлийн ургамал 15.0 мянган га, тосны ургамал 28.0 мянган га, төмс 2600 га, хүнсний ногоо 2535 га талбайд тариалахаар төлөвлөн бэлтгэл хангаад байна.
-Энэ жил цаг агаарын урьдчилсан төлөв ямар байгаа бол?
-Онцлог гэвэл хөрсний угтвар чийг сайн байгааг аймгийн УЦУОШТөв тогтоогоод байна. Буриад Улсын мэргэжилтнүүдийн ярьснаар 6 сарын сүүл, 7 сард бороо  ахиу орох талаар ярьж байна. Энэ нь сайн мэдээ. Ямар ч гэсэн цаг уурын таатай нөхцөл болно байх гэж найдаж байна. Гэхдээ 6-7 сарын ихээхэн халалттай гэдгийг бид тооцож тариалалтынхаа хугацаа, арга хэлбэрийг тогтоох шаардлагатай.
-Сэлэнгийн тариаланчид, ногоочид дотоодын хэрэгцээний хэдэн хувийг ханган ажиллаж байгаа вэ?
-Сэлэнгэ аймаг улаан буудайн  улсын хэрэгцээний 50 гаруй хувь, төмс ногооны 30 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг онцлог аймаг. Төмс, ногооны үйлдвэрлэлийн хэмжээг 2000 онтой харьцуулахад бараг гурав дахин өссөн. 2000 онд төмс, хүнсний ногооны ургац  нийтдээ 18.1 мянган тн байсан бол 2017 онд 58.5 мянган тн болж нэмэгдсэн. Ногоочдын маань ур чадвар өсөхийн хэмжээгээр  ногооны  нэр төрөл ч жил бүр нэмэгдэж байна. Энэ бол ихээхэн амжилт.
-Аймгийн хувьд тариаланчид, ногоочдын талаар барьж байгаа өнөөгийн бодлого хийгээд цаашид авах арга хэмжээний талаар тодруулж өгөөч?
-Тариаланчид, ногоочдын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Залуучууд  ихээр тариалан эрхэлж байна. Зарим хүмүүс тариад л ургац аваад болно гэж сэтгэж байгаа. Энэ бол маш хөнгөн хандлага. БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ж.Нацагдоржийн хэлснээр эхлээд тархиндаа ургуулж, дараа нь үйл явдлаар түүнийгээ хэрэгжүүл гэж хэлсэн байдаг. Тариа ногоо тариална гэдэг маш нарийн ур ухаан, мэдрэмж шаардсан ажил. Гэхдээ маш их буянтай хөдөлмөр юм. Цаашид хамгаалагдсан ногооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлага байна. Амтлагч, нарийн ногооны импортыг багасгах, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд анхаарч байна. Төмс, ногооны агуулах, зоорийн хэмжээг 2016-2020 онд 20.0 мянган тн-оор нэмэгдүүлэх зорилго тавьсан. 2017 онд 6 ширхэг 1680 тн-ын зоорийг ашиглалтад оруулсан байгаа.
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэдэн компани газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.  Мөн хүнсний  ногоо тариалж байгаа ААН, иргэд . . .?
-Сэлэнгэ аймгийн хувьд 2017 оны байдлаар 240  аж ахуйн нэгж, 3500 гаруй иргэд тариалан эрхэлж байгаа тоон судалгаа байгаа.
-Тариалалтын хамгийн гол асуудал бол үр байдаг. Үрийн асуудлын талаар...?
-2018 оны хаврын тариалалтад 25.2 мяган тн улаанбуудайн үр шаардаж байгаагаас аж ахуйн нэгж, иргэд 8.7 мянган тн үр нөөцөлсөн. Өнөөдөр дутагдаж буй 16.4 мянган тн үрийг ХХААХҮЯ-аас дотоодоосоо нөөцөлсөн үрээ кг нь 570 төгрөг, ОХУ-аас импортоор оруулж ирсэн нэгдүгээр ребодукцийн үрээ 620 төгрөгөөр 30 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгээр олгохоор шийдвэрлэж, иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хуваарьт тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудаас татан авч байна. Энэ жил ган болон халуунд тэсвэртэй импортын “Омская-36”, “Тобольская” сортын үрийг тариална. Мөн Алтайская-75, 325 сортын үрийг ч ТЭДСангаар дамжуулан олгож байгаа.
-Газар тариалангийн үйлдвэрлэлийн бас нэг чухал зүйл бол бордоо. Ямар бордоо манай нөхцөлд илүү үр дүнтэй байгаа вэ. Үнийн асуудал ямар байдаг юм бол, бас олдоц . . .?
-Цаг уур судлаачдын дүгнэлтээр сүүлийн 60 жилд Монгол орны агаарын үнэмлэхүй дулаан 1.56 хэмээр нэмэгдсэн. Таримлыг бордох нь хуурай нөхцөлд баталгаатай ургац авах нөхцлийг хангаж байна гэсэн үг. Мөн “хөрснөөс авснаа буцаан өгөх”.. байгалийн хуулийн дагуу бордоог өргөн хэрэглэх шаардлагатай. Алтан тариа, ТЭДС-гаар  дамжуулан нийлмэл бордооны нийлүүлэлт нэмэгдэж, бид жилд дунджаар 3.0 мянган тн-ыг хэрэглэж байна. Мөн гуматын бордоог анх 2009 оноос эхлэн хэрэглэж ирсэн. Жил бүр энэ бордооны хэрэглээ өсч байна. Гуматын бордоо нь ургамлын эд, эсийн дотоод энергийг нэмэгдүүлнэ,  бодисын солилцоог эрчимжүүлнэ, амьсгалыг идэвхжүүлнэ. Эсийн хуваагдал түргэсч ургамлын өсөлт бүхэлдээ хурдасдаг. Мөн биологийн идэвхт бодисын хуримтлал нэмэгдэнэ, өвчин эсэргүүцэх хийгээд хүйтрэл, хуурайшил, хэт чийгшил зэрэг гадаад орчны сөрөг нөлөөллийг даах чадавх нь дээшилдэг. Цочир хүйтрэлд өртсөн талбайн гуматаар бордсон хэсгийн ургамал гэмтэж муудаагүй, ургац алдаагүй тохиолдлыг олон оронд ажиглаж тэмдэглэсэн байдаг. Мөндөрт цохигдож гэмтсэн байцааг гуматаар бордоход сэргэж урган зэргэлдээ талбайгаас илүү ургац өгснийг манай аймгийн ногоочид хэлж байсан. Зөв тунгаар навчаар нь хэрэглэсэн нөхцөлд илүү үр дүнтэй бордоо.
-Саяхан болсон аймгийн тариаланчдын зөвлөлгөөний гол сэдэв хөрс хамгаалах асуудал байсан. Энэ талаар аймгаас барьж байгаа бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар . . . .?
-Хөрс хамгаалах үржил шимийг сайжруулах талаар дахин ярих шаардлагатай байна. Юуны өмнө хөрс хамгаалах асуудал нь хуулиар хүлээсэн үүрэгтэйгээр үл барам, хөрсөө хамгаалах нь тариаланч бидний эрхэм зорилго байх ёстой.
Сүүлийн жилүүдэд эрдэс болон органик бордоогоор ургац нэмэгдүүлэх бус ихэнхдээ хөрсний үржил шимийг шавхаж ургацыг бүрдүүлж байна. Хөрсний үржил шимийн хамгийн гол үзүүлэлт нь ялзмагийг зохимжтой хэмжээнээс бууруулахгүй байх талаар арга хэмжээ авах нь юу юунаас илүү чухал юм.
Атар эзэмших үед хар шороон хөрсний ялзмагт үеийн зузаан 47 см-ээс дээш, ялзмагийн агуулалт 4.3-7.0 хувь байсан. Хар хүрэн хөрсний ялзмагт үеийн зузаан 30-50 см, ялзмагийн агуулалт 3.0-4.8 хувь, хөнгөн элсэнцэр хөрсөнд 2.3-3.5 хувь ялзмаг агуулагдаж байсан. “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2010 онд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран аймгийн хэмжээнд иж бүрэн хөрсний суурь судалгаа шинжилгээ хийлгүүлж хөрсөө хамгаалах нь зайлшгүй болохыг тогтоож өгсөн. Тухайн үеийн хөрсний суурь судалгаагаар ялзмагийн агуулалт хар шороон хөрсөнд 40.5 хувь, хар хүрэн хөрсөнд 57.1 хувь, элсэнцэр хөрсөнд 71.8 хувиар буурсан нь гамшгийн шинжтэй болж байгааг илтгэж байна. Мөн 1989, 2010 онд хийсэн хөрсний шинжилгээний дүнгээр нийт тариалангийн талбайн 36 хувь хүчтэй, 19.8 хувь нь дунд элэгдэлтэй буюу хөрсний бүтэц алдагдаж элэгдэлд маш хүчтэй нэрвэгдсэн байсан. Аймгийн дүнгээр өнгөрсөн 58 жилийн хугацаанд 8.1 сая  тн үр тарианы ургац авсан ба хөрснөөс бид ургацаар дамжуулан 805.6 мянган тн эрдэс бодисыг авсан байдаг. Агротехнологийн асуудлыг хөрс хамгаалахад чиглүүлж хөрс хамгаалах талаар гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь манай тариаланчдыг гол үүрэг байх ёстой. Үүнд тавих төрийн хяналтыг тогтворжуулах шаардлагатай. Малын бууцыг боловсруулан бордоо болгон ашиглах боломж байна. Аймгийн дүнгээр жилд 150.0 гаруй мянган тн бууцыг хаягдал болгон хаяж байгаа. Үүнийг цуглуулан Бууцан бордоо бэлтгэх өргөн боломж бий. Мөн аймгийн тэжээлийн нөөцийг тариаланчдын бэлтгэсэн ногоон тэжээлээр бүрдүүлэх боломж байна. Ингэснээр ээлжлэн тариалах системд тарималын төрөл нэмэгдэж, дотоодын худалдан авалт сайжирна. Цаашлаад малчид малаа бордож таргалуулсанаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.  
-Тариалангийн компаниуд техникийн шинэчлэлтийг маш сайн хийж байгаа гэсэн. Энд ямар улс орны техник технологи манай нөхцөлд түлхүү хэрэглэгдэж байна вэ?
-Манай тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хөдөө аж ахуйн дүүжин чиргүүл машиныхаа 50.5, зүтгэх хүчний тракторын 42.3, ургац хураалтын техникийн 43.9 үтрэмийн техникийн 54.7, төмс, хүнсний ногооны техникийн 11.2 хувийг АНУ, Канад, Герман, Хятад болон ОХУ-ын орчин үеийн өндөр хүчин чадалтай технологийн дэвшил бүхий техникээр шинэчилж чадсан. Энэ нь байгаль цаг уурын бэрхшээлтэй нөхцөлд ургац авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд техникийн хүчин чадлаар тооцвол 2018 оны хаврын тариалалтыг аймгийн хэмжээнд 12-15 хоногт хийх боломжтой болгож байгаа юм. 2018 онд ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Манайх “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд үр тариа хураах комбайн, борной, 15.0 мянган тоннын багтаамжтай элеватор, үрийн агуулах нийлүүлнэ. Мөн  үйлдвэрлэсэн сийрүүлүүр, үрлүүр, хор цацагч, үтрэмийн техникийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй 5.6 хувийн хүүтэй 3-4 жилийн хугацаатай зээлээр олгоно.
-Хаврын тариалалтын үеэр яригддаг бас нэг гол асуудал бол шатахуун байдаг. Энэ жил хөнгөлөлт байгаа юу?
-Шаардлагатай шатахууныг хөнгөлттэй үнээр олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Шатахууныг зөвхөн үр тарианы аж ахуйн нэгжүүдэд 30 хувийг урьдчилгаатайгаар тариалангийн нэг га талбайд 10 литрээр тооцож нэг литрийг нь 1725 төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн. Энэ бол том дэмжлэг.
-Энэ хавар хичнээн га талбайд уринш хийх вэ?
-2018 онд 140.0 гаруй мянган га талбайд уринш бэлтгэнэ.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻