УАШТ-нийг У.Насанжаргал, Б.Мөнгөнтуул нар тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-24 22:03:32
Архангай /МОНЦАМЭ/. Эртний хаадын өлгий, арын сайхан хангай нутагт зохиогдож буй Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцогчид 8 дахь өрөг өнөөдөр 20.30 цаг орчимд дууслаа. Наймдахь өргийн дүнгийн байдлаар эрэгтэй шатарчдыг Хэнтий аймгийн харьяат “Эрч” спорт хорооны тамирчин, олон улсын шатрын холбооны мастер Уртнасангийн Насанжаргал 6.5 оноогоор, “Сүлд” спорт хорооны  “Чингис” клубын тамирчин, олон улсын мастер Сумъяагийн Билгүүн 6.5 оноогоор, Өвөрхангай аймгийн тамирчин, олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 6,5 оноотойгоор тус тус эн тэнцүү тэргүүлэн өрсөлдөж байна.

Эмэгтэй шатарчдын тухайд Завхан аймгийн харьяат “Алдар” спорт хорооны тамирчин МУГТ, ОУМ, Эмэгтэй Их Мастер Батхуягийн Мөнгөнтуул 7 оноогоор хошуучилж байгаа юм. Хоёрдугаар байранд Хэнтий аймгийн “Кайсса” клубын тамирчин, олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Төрмөнхийн Мөнхзул 6 оноотой, МУБИС-ийн “Чингис” клубын тамирчин, Олон улсын шатрын холбооны мастер Энхсайханы Хулан 5,5 оноотойгоор дараагийн байруудад өрсөлдөж байна.
Б.Гэрэлт-Од
相关新闻