Тэс сумын сурагч Б.Марал “Ирээдүйн генерал” реалити шоунд оролцох эрхтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-30 20:19:05

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт цэрэг спортын аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээн болж Баянхайрхан, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл гэхчлэн долоон сумын 12 сургуулийн баг тамирчин оролцжээ. Тэмцээнийг 2017 оны Улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээний удирдамжид нийцүүлэн зохион байгуулсан байна. 
Энэ жилийн Дөл тэмцээнээр тасгуудын бэлтгэл, ур чадвар илүү сайжирсан нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгожээ. Оролцогчид дасгалжуулагч багшийн тэмцээн, ханын сонин бүтээх тэмцээн, жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот дасгал, мэндчилгээ, тасгийн ур чадварын тэмцээнүүд, дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэх, гурван километр замд марш гүйлтийн төрлөөр өрсөлдөж, шилдгээ тодруулжээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Н.Дагвадорж захирагчтай Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн тасаг тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Удаах байруудад Д.Хатансүлд захирагчтай Улиастай сумын гуравдугаар сургууль, Д.Батбумба захирагчтай Жавхлант цогцолбор сургууль, Б.Пүрэвпэлжээ захирагчтай Их-Уул сумын сургууль, Д.Сүх-Эрдэнэ захирагчтай Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургууль, Э.Гантулга захирагчтай Тэс сумын сургуулийн тасаг тус тус шалгарчээ. 
Мөн Тэс сумын сургуулийн сурагч Б.Марал “Дөл” тэмцээний шилдэг оролцогчоор шалгарч Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Шонхор зуслантай хамтран зохион байгуулдаг “Ирээдүйн генерал” реалити шоунд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.
Харин хүүхдийн Даян-Очир зуслангийн захиргаанаас “Дөл” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан тасгийн 13 хүүхдийг долоо хоног үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнасан байна. Энэ жилийн “Дөл” тэмцээнийг Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Онцгой байдлын газар  хамтран зохион байгуулжээ.
"Дөл" тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр, Завхан аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, 2018 онд Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын 2018 оны А/191 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуу үеийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох, бүрэн дунд сургуулийн сурагчдыг цэрэг-эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд түлхэц өгөх зорилгоор зохион байгуулжээ.

Б.Мягмарсүрэн


相关新闻