"Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-15 13:30:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын төр, нийгмийн зүтгэлтэн “Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэрийг дэлгэсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд  нээлтээ хийв.
Энэ бол XX зууны түүхэнд эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн төрийн хийгээд бичгийн их эрдэмтэн, ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан “БНМАУ-ын анхны Ерөнхий сайд” Б.Цэрэндоржийн 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг түүний үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор БСШУСЯ, Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Монгол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, “Хичээнгүй сайд” бага наснаас бичиг эрдэмд шамдан, монгол, манж, хятад хэл бичгийг зэгсэн сайн сурч, тухайн цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн болсноор идэр залуугаас төрийн алба хашсан билээ. XX зууны эхний мөчлөгт Монгол орон, монголчуудын түүхэнд тохиосон олон үйл явдлын гэрч, оролцогч байсан энэ хүмүүн үндэсний сэргэн мандалын эхийг тавьсан 1911 оноос хойш насан эцэслэх хүртлээ Монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлон, хууль цааз боловсруулж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэргийг удирдаж байсан юм. Б.Цэрэндорж гуай эрдэм билэг төгөлдөр нэгэн байж, идэр залуу насандаа хэлмэрч, орчуулагч хийж, улмаар орчин цагийн шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн Хүндэт гишүүнээр сонгогдож, ном бүтээл туурвин тусгай шагнал хүртэж, Монгол Улсын Бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одонг анх хүртсэнийг бахархан тэмдэглэж байна. Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, нүүдэлч малчдын нийгэмээс орчин үеийн улс болох суурийг тавилцсан гавьяатан болохыг онцлон тэмдэглэж байна” гэв.



Үзэсгэлэнд  "1913 оны нэгдүгээр сард Оросын Эзэн хаанаас шагнасан гэгээн Станиславын одон, Хятадын Засгийн газраас шагнасан Үнэн гэрэлтийн одонгийн үнэмлэх, Монгол Улсын анхны “Бичгийн гавьяаны одон”, 1925 онд Зөвлөлт Орос улсаас бэлэглэсэн бичгийн болон цайны хэрэгсэл, өөрийнх нь хэрэглэж байсан хормойн боолт, цүнх, цаг, хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлий дээжлэн тавьжээ.
 
Эл үзэсгэлэнгээс монгол хүн утга учиртай амьдрахын үлгэр дууриал, төрийн хүний намба, алсын хараатай гарамгай зүтгэлтний намтар цадиг, XX зууны Монголын түүхийн гэрч болсон гэрэл зураг, мартериалтай танилцаж эх түүхээрээ бахархах, өв уламжлалаас суралцах боломжтой. Үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм.

Энэ үеэр “Хичээнгүй сайд” сангаас бэлтгэн хэвлүүлсэн “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийнхэн” номын нээлт болов.



“Монголын түүхийн XX зууны эхэн үеийн он жилүүдэд гурван төрийн үед дагалдан туслах бичээчээс Ерөнхий сайд хүртэлх албан тушаал хашиж, туурга тусгаар улс орныхоо мандал бадралын төлөө зүтгэж явсан Хичээнгүй сайдын тухайн үеийн түүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг олон янзаар үнэлж дүгнэдэг. Тэгвэл Хичээнгүй сайдын амьдрал, тэмцэл, үйл ажиллагааны тухай олон талаас нь нухацтай бичсэн энэхүү хоёр ном түүхч, судлаач, оюутан сурагч хэнд ч болов гарын авлага болно гэдэгт найдаж байна” хэмээн Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн ач охин, "Хичээнгүй сайд" сангийн тэргүүн, доктор Ю.Эрдэнтуяа хэллээ. Мөн тэрбээр "ганцаас газар дүүрнэ" гэгчээр Хичээнгүй сайдын ганц хүү Ц.Юндэнгийнхэн, түүний үр, ач, зээ өдгөө 100 гаруй ам бүлтэй өнөр өтгөн айл өрх болж, Хичээнгүй сайд өвөөгийнхөө 7 дахь үеийг залгамжилж явна. Хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулж, үр хүүхдээ эрүүл саруул, эрдэм номтой, энгүүн төлөв хүмүүжилтэй, болгохын төлөө ариун үйлсэд сэтгэл, зүрхээ харамгүй зориулсан аав, ээж хоёрын минь бодит үлгэр дууриал эдүгээ хийгээд хойч үеийнхэнд сургамж болно хэмээн найдаж энэхүү дуртгалыг эмхлэн бичсэнээ хэллээ.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻