Тээврийн хэрэгслийг харьяалал харгалзахгүй оношилгоонд хамруулна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-09 22:32:44

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт 2018 оны тээврийн хэрэгслийн техникийн явуулын үзлэг оношилгоо 24 суманд хийгдэж дуусчээ. Техникийн явуулын үзлэг оношилгоонд 24 сумын 6900 гаруй тээврийн хэрэгсэл хамрагджээ.
Явуулын үзлэг оношилгооны үеэр автомашины гэрэл дохио дутуу, бүхээгний иж бүрдэл бүрэн бүтэн биш, автомашины шил хагархай, автомашины дугуйны элэгдэл их, автомашин хэт хуучирсан, ашиглагдахааргүй болсон зөрчлүүд нийтлэг гарчээ. Түүнчлэн иргэд шинэ он гарсан даруйд автомашинаа үзлэг оношилгоонд хамруулдаггүй, татвараа бүрэн төлдөггүй хугацаа алдаж байнга торгууль төлж байгаа зөрчлүүд их гарч байгааг анхаарах шаардлагатай хэмээн аймгийн автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Явуулын үзлэг оношилгоо дахин хийгдэхгүй бөгөөд 24 сумын автомашины тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй иргэд аймгийн төвд буюу Улиастай сумд хүрэлцэн ирж хамрагдах хэрэгтэйг санууллаа. Мөн оношилгоондоо хамрагдаагүй гадны автотээврийн хэрэгслийг харъяалал харгалзахгүй оношилгоонд хамруулж байгаа ажээ.
Завхан аймаг нийт 12600 орчим тээврийн хэрэгсэлтэй бөгөөд аймгийн төв Улиастай суманд 4479 тээврийн хэрэгсэл, бусад сумуудад 8103 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Б.Мягмарсүрэн


相关新闻