300 ном судар шинэ “дээл”-ээр гоёв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-07-24 15:28:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний төв номын санд хадгалагдаж буй 35 мянган ном судар, баринтаггүй, нэн яаралтай баринтгийг нь солих шаардлагатай байгаа тухай мэдээлэл телевизээр үзэж ахмад настнууд өөрсдийн санаачилгаар 300 орчим номын баринтаг урлажээ. Тэд өнөөдөр эдгээр баринтгаа Төв номын сангийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.



Төв аймгийн Лүн сумын уугуул, Сэргэлэн сумын суугуул өдгөө 72 настай Н.Цэндсүрэн ярихдаа, “Өнгөрсөн жил зурагтаар баринтаг хийж байгаа хүмүүсийг хараагүй бол энэ санаа төрөхгүй байлаа. Миний эмээ “Номонд баринтаг хийхэд хүнд дээл оёсонтой ижил буян болдог” гэж ярьдаг байсан. Олон зууны тэртээгээс өртөөлөн ирсэн монгол түмний түүх соёл, ёс заншлыг хадгалж ирсэн ном судруудад баринтаг хийж өгсөндөө баяртай байна. Олон зуун жилийн түүхтэй ном соёл сайхан хадгалагдаж, үр хүүхдүүдэд хүрч, та бүхэн цаашид уламжлан түгээгээсэй гэж бодож байна. Номын цагаан буян дэлгэрч олон хүмүүс ховор түүхтэй номуудыг “дээлтэй” болгоосой” гэв.
 
Ахмад настнууд баринтаг оёход шаардагдах материал хэрэгслийг өөрсдийн тэтгэврээсээ илүүчилж, хүүхэд, гэр бүлээсээ хандив авч урлаж дуусгасан байна. Үүгээр зогсохгүй ойр орчмын өндөр настнуудаа эл үйлсэд гар бие оролцохыг уриалж, хамтдаа 293 баринтаг оёж дуусгажээ. Тэрбээр 108 номын баринтаг хийхэд 10 хоногийн хугацаа зарцуулсан бөгөөд сүсэг бишрэлээр хийж байгаа учраас хэцүү байгаагүй хэмээж байв. Үүнээс гадна хоёр хүүхдээс нь тус бүр 15 баринтаг, сумын өндөр настан н.Цэвэлмаа, Я.Жавзандулам, н.Жавзмаа тэргүүтэй хүмүүс баринтаг бэлэглэж байгаа аж.
 
Үндэсний төв номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах хэлэхдээ, “Ном судрыг хадгалж ирсэн уламжлал бол номын баринтаг юм. Үндэсний номын сан 3 сая орчим номтой. Үүний 1.5 сая орчим нь хуучны ном судар байдаг. Үүнийг баринтаглаж хадгалах шаардлагатай 35 мянган ном судар байна гэсэн тооцоог гаргасан. Эдгээрийг баринтаглаж, хадгалалтыг сайжруулах үүднээс шинэчлээд явж байна. Одоогоор 20 мянга орчим ном баринтагтай боллоо. JCI капитал салбартай хамтран 2015 оноос “Номын баринтаг” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 18 мянга орчим баринтаг хүлээн аваад байна. Номын сан 8000 орчим номоо баринтагласан. Төслийн хүрээнд 8 настай балчраас 80 настай буурай хүртэл идэвхтэй оролцож номын баринтаг хандивласан. Завхан аймаг 8888 баринтаг хийж өгнө гээд ажлаа хийж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргээс үргэлжлүүлэн бүх баринтгийг хийж өгнө гэсэн. Тиймээс Үндэсний номын сан төдийгүй Монгол Улсын томоохон ном судрын хадгалалт хамгаалалт сайжрах юм. Түүнчлэн Үндэсний номын сангийн шинэ барилга барихад ном судруудын нүүлгэн шилжүүлэлт хийх ажлын бэлтгэл болж буйгаараа ач холбогдолтой” гэв.
 
"Номын баринтаг"  төсөл энэ онд дуусах аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
 
 

相关新闻