Практик сэтгэл судлаачийн оролцоог нэмэгдүүлэх олон улсын хамтарсан төслийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ - Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачийн оролцоог нэмэгдүүлэх нь" Олон улсын хамтарсан төслийн нээлт өнөөдөр 14:00 цагаас Отгонтэнгэр их сургуулийн их танхимд боллоо.
Монгол улсад нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал хүүхэд, залуучууд, иргэдийн дунд харьцангуй өндөр илэрч байгааг сүүлийн үеийн судалгаа статистикийн тоо харуулж байна. Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төслийн хүрээнд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс Улаанбаатар хотын захын дүүргүүдийн 20 сургуулийн сурагчдын хувийн онцлог, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх зорилгоор 2018 оны эхний хагас жилийн судалгаанаас үзвэл 12-18 насны нийт 4’517 сурагчдын 46.9 хувьд нь сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа нь тогтоогджээ.
Нийгэм, хувь хүний сэтгэл зүйн асуудал нь тухайн орны соёл, зан заншил, амьдралын орчин нөхцлөөс хамааралтай байдаг тул монгол хүний сэтгэл зүйн онцлогийг судалсан, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлсэн өөрсдийн туршлагыг хуваалцахаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйчид үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Манай орны хувьд сэтгэл судлалын шинжлэх ухааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд удаагүй. Нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд сэтгэл судлаачдын хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн практик чадварыг дээшлүүлэх нэн шаардлагатай байгааг сэтгэл судлаачид тэмдэглэж байна.
АНУ, Австрали, Орос, Хятад улсуудын эрдэмтэн судлаачидтай хамтран ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ төслийн хүрээнд сэтгэц оношилгоо-тестийн аргуудыг монгол хүний онцлогт тохируулан нутагшуулах 3 жилийн хугацаатай төслийн ажлыг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн хамт олон ийнхүү эхлүүлж байна. Мөн үүний зэрэгцээ монголын мэргэжлийн сэтгэл судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, практик сэтгэл судлаач бэлтгэх хөтөлбөрийг Москвагийн Боловсролын их сургуулийн эрдэмтэн сэтгэл судлаачидтай хамтран энэ оны эхнээс зохион байгуулж эхлээд байгаа ажээ.
Энэ удаад практик сэтгэл судлаач доктор И.А. Лопатина цөөхөн хоногийн хугацаатай ирж байгаа бөгөөд залуу гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан лекц, мэргэжлийн сэтгэл судлаачидад зориулсан 4 хоногийн сургалтыг монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ зохион байгуулж байгаа юм байна.
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн нь 2013 онд байгуулагдсан бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйн тусламж, сургалт, зөвлөгөө, оношилгоог олон улсын стандартын дагуу үзүүлдэг байгууллага юм. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хэрэглэгдэж буй өргөн хүрээний оношилгооны аргууд нь хүүхэд, бие хүн, гэр бүл, спорт, байгууллагын сэтгэл судлалын хүрээнд хүүхэд, бие хүн, бүлгийн ур чадвар, хандлага, сонирхол, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудыг судлахад чиглэддэг. Энэ нь нийгмийн сэтгэл зүй, хувь хүний хөгжил төлөвшил, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлыг бодитоор харж, шийдвэрлэхэд өндөр ач холбогдолтой юм.
Уг зорилгын хүрээнд нэн түрүүнд оношилгоо үнэлгээний аргуудын найдварт, баталгаат чанарыг судалж, Монгол хүний соёл, нийгэм, сэтгэл зүйн онцлогт тохируулан нутагшуулах нь хамгийн чухалд тавигдах ба судалгаа шинжилгээний ажилд дунджаар 2-5 жилийн хугацаа шаардагдана.
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хийгдэж буй судалгааны ажил нь нэгдүгээрт 2-18 насны хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүй, харилцаа, хэл ярианы хөгжлийг судлах аргууд; хоёрдугаарт бие хүний зан төлөвийг судлах цогц аргууд, гуравдугаарт, хүүхэд, бие хүний сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг судлах аргууд, дөрөвдүгээрт, бие хүний ажил мэргэжлийн ур чадварыг судлах аргууд, тавдугаарт, тамирчдын гүйцэтгэлийн стратегийг судлах аргуудыг нутагшуулах гэсэн үндсэн таван чиглэлд хэрэгжиж байна.
