БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 39 хүүхэд суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад 790 сурагч оролцсоноос 39 хүүхэд тэнцжээ.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард дээрх тэтгэлгийг зарласан бөгөөд өнөөдөр шалгарсан 39 хүүхдэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарсуралцах эрхийн батламж гардуулав.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард дээрх тэтгэлгийг зарласан бөгөөд өнөөдөр шалгарсан 39 хүүхдэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарсуралцах эрхийн батламж гардуулав.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс Хятадын 200 гаруй сургууль, АНУ, Австрали, болон Европын 20 орчим сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, оюутан, сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байгаа аж.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ,“Залуучуудын боловсролыг дэмжин ажиллах хэрэгтэй байна. БНХАУ-ын техник, эдийн засгийн хурдацтай өсөлт нь боловсролынхоо системд тулгуурлан, мэдлэгт суурилсан хөгжил өрнөж байгаатай шууд холбоотой. Цаашдаа “I study” байгууллагатай хамтран олон оюутныг урд хөршид сургана. Энэ 39 хүүхдийг төгсөж ирээд Монголдоо ажиллаасай гэж хүсч байна” хэмээн онцлов.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг “I study” төлөөлөгчийн газар явуулжээ. “I study” боловсролын төв нь дэлхийн 120 гаруй оронд 2000 гаруй төлөөлөгчийн газрын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд Монгол Улсаас гадны орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудад гүүр болон ажилладаг хэмээн “I study” төлөөлөгчийн газрын хариуцсан төлөөлөгч О.Өнөржаргал хэллээ.
Дашрамд дурдахад, “I study” төв нь хамтран ажилладаг сургуулиудын нэгдсэн зөвлөгөөг ирэх 11 дүгээр сарын нэгний өдөр Сичиун мужид зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны яам болон Монголын их дээд, сургуулиудын төлөөлөгчдийг урьж оролцуулах аж.
У.Түвшинбаяр