“Үзэсгэлэнт Сэлэнгэ” гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-08-27 10:50:25
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн зүгээс гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, зочид, аялагч, жуулчдад зориулсан гар урлал, бэлэг дурсгалын бренд бүтээгдэхүүнтэй болох, үйлдвэрлэл эрхлэгчдийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломжоор хангах, бодлогоор дэмжих зорилгоор “Үзэсгэлэнт Сэлэнгэ” гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдаан зарлалаа.
Сэлэнгэ аймаг нь Баруунбүрэн сумын “Амарбаясгалан” хийд, Ерөө сумын нутаг дахь “Халуун рашаан”, Ардын Хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг сумын “Гүн нуур”, “Хонд”, “Буур хээрийн тал”, “Хоёр элс”, Алтанбулаг хилийн боомт, аймгийн музей, “Сайханы хөтөл”, Шаамар сумын “Ээж мод”, Хүдэр сумын “Соронзон хад”, “Хүн чулууны бичээс”, Цагааннуур сумын “Номун хаан хийдийн туурь” зэрэг байгалийн өвөрмөц, содон тогтоцтой газрууд олонтой. Эдгээр уламжлалт ёс заншил, түүх дурсгалын өлгий нутаг, түүх дурсгалт газрууд нь аялагч, жуулчдын сонирхлыг татсаар байгаа юм. Гэвч тус аймгийн хувьд эл аялал жуулчлалын нөөц газруудаар аялах, үзэж танилцах, соёлын өвөөс суралцах сонирхолтой зочид, жуулчид, аялагчдад зориулсан түүх, соёл, орон нутгийн онцлог, өвөрмөц байдлыг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хомс байгаа ажээ. Иймд Монгол-Тайланд-Герман улсын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслөөс орон нутгийн онцлогтой, төрөл бүрийн материал ашиглаж, загвар, хийц, донжийг нь тааруулан урласан, дотоодын болон дэлхийн зах зээлд борлуулж болохуйц бренд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор энэхүү уралдааныг зарлаад байна. Уралдаан ирэх сарын 8-ны өдөр хүртэл материалаа хүлээн авах бөгөөд уралдааны тэргүүн байр нэг сая төгрөгийн шагналтай юм байна.
Уралдаанд оролцогчид бүтээлээ хийхдээ орон нутгийн олдоцтой төрөл бүрийн материал ашиглах бөгөөд Сэлэнгэ аймагт байдаг түүхий эд, материалыг ашигласан бол давуу тал болох гэнэ. Мөн Сэлэнгэ нутгийн онцлог, байгалийн бүс нутаг, нутгийн соёл, зан үйл, түүх соёлын дурсгалт зүйлүүдийг орчин үеийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц шийдлээр бүтээх. Мөн байгаль, экологид үзүүлэх сөрөг нөлөөгүй, орон нутагтаа олон тоогоор, энгийн хялбар аргаар үйлдвэрлэх боломжтой, хялбар багаж төхөөрөмж ашиглан хийх боломжтой, зах зээлд борлуулагдах боломжтой, овор хэмжээ багатай, жуулчид аялагчид авч явахад тохиромжтой байдлаар хийгдсэн шаардлагыг тавьж байгаа байгаа юм байна.
Ч.Отгонцэцэг

相关新闻