“Энхтайван 2018” олон улсын үзэсгэлэнд оролцож буй Н.Хосбаяр шилдгээр шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-07 18:18:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрийн нийслэл Вена хотноо энэ сарын 06-ны өдөр нээлтээ хийсэн “Энхтайван 2018” олон улсын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй зураач Н.Хосбаяр шилдгүүдийн нэгээр шалгарч, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Энхийн гал холбооны медалиар шагнуулав.
 
Үзэсгэлэнг Дэлхийн I дайн төгссөний 100 жилийн ой, Австри Улс Европын Холбоог даргалж байгааг тохиолдуулан Австрийн Ерөнхийлөгч асан Х.Фишерийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.
 
Энэхүү үзэсгэлэн нь залуу уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан энх тайван, ардчиллын үнэт зүйлсийг олон нийтэд сануулах, сурталчлах зорилготой юм. Үзэсгэлэнд 25 улсын 70 гаруй авьяастан уран бүтээлээрээ оролцож байна.
 
Үзэсгэлэн Вена хотын Дүрслэх урлагийн академийн танхимд энэ сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид Словак, Унгар зэрэг орнуудаар аялана.
相关新闻