Залуус дугуйн аялалд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хөгжилд-залуучууд манлайлна” сарын аяныг 8-р сарын 15-наас 9-р сарын 15-ны хооронд явуулж байна. Тус аяны хүрээнд Архангай аймгийн Насан туршийн боловсролын төв, Цагдаагийн газар, ХХААГазар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх, МСҮТөв, ГХБХБГазар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, ГБХЗХГазрын 25 хүүхэд, залуус оролцсон залуучуудын нэрэмжит дугуйн аяллыг өнгөрсөн амралтын өдөр “Дэмид жанжин”-ы талбайгаас Баянбулагийн аман дахь “Байгаль дахь сургалтын бааз” хүртэл зохион байгуулжээ.
Дугуйн аялалд оролцогчид 4 өртөөгөөр аялсан байна. Эхнийх нь “Бидний шүтээн Булган хайрхан” уулд очиж хайрханаасаа адис, анхан шатны зааварчилгаа авч дараагийн өртөө рүү хөдөлж, дараагийн “Би монгол хүн”, “Бидний хайртай Архангай”, “Бидний өв соёл” өртөөгөөр аялжээ.
Харин байгаль дахь сургалтын баазад арын сайхан хангай нутгийнхаа онцлогтой танилцаж, Монгол уламжлалыг хадгалсан “Миний Архангай” нэртэй тоглоомыг тоглож сурчээ.
Энэхүү аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 10 байгууллагад дэвтэр аялуулж, залуучуудын үзэл бодлыг тэмдэглүүлж байна. Мөн Эрдэнэбулган сумын хоёрдугаар багийн 2-6 настай 3 хүүхэдтэй, өрх толгойлсон залууд тусалж, хүүхдүүдэд бүгдэд нь хувцас авч өгч, хичээлийн хэрэгсэлтэй болгож, цэцэрлэгт хамруулжээ.
Б.Гэрэлт-Од