Завханы замын цагдаагийн алба хаагчид сургууль орчмын бүсийг тэмдэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-10 19:56:51

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн алба хаагчид сургууль орчмын бүсэд авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор шинээр тэмдэгжүүлэх, сэргээн засварлах ажлыг хийжээ.
Аймгийн Замын Цагдаагийн тасаг, Улиастай сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургуулиуд хамтран аймгийн төв, Улиастай сумын Жавхлант цогцолбор, Дэвшил сургуулийн дэргэдэх автозам дагуу “Сургууль орчмын бүс”гэсэн тэмдгийг шинээр байршуулаад байна. Энэхүү ажлыг Улиастай сумын ЗДТГ, орон нутгийн Тэсийн бүрд ХХК-ийн 1.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт дэмжлэгээр хийгээд байна. Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын бүсийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь чухал юм. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой автозамын стандартын шаардлага хангахгүй байсан хурд сааруулагчийг шинэчилж налуу болгож, будаж стандартын дагуу засварлаад байна. Мөн замын тэмдэглэгээ, гарцыг тодруулж будсан. Түүнчлэн өнгөрсөн 6-р сарын нэгнээс 10-р сарын 1 хүртэл үргэлжилж буй “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 12 ширхэг “Сургууль орчмын бүс” гэсэн тэмдгийг шинээр автозамын дагуу байршуулаад байна. Цаашид Улиастай сумын сургууль, цэцэрлэгийн дэргэдэх автомашины замыг тэмдэгжүүлэх ажлыг шат дараатай хийх бөгөөд нийт 24 тэмдгийг байршуулах гэж байна. Учир нь сургуулиудын дэргэдэх автозам дээрх хуучин хурд сааруулагч нь огцом өндөр, стандартын шаардлага огт хангадаггүй байсан бөгөөд автомашинуудад эвдрэл гэмтэл гарах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаггүй байсан. Энэ удаагийн ажлаар автозамын хурд сааруулагчийг налуу болгож, шинэчилж стандартын дагуу болгосноор замын хөдөлгөөнд жолооч нар анхаарал болгоомжтой, хүүхдүүд аюулгүй зорчих боломжтой боллоо.

Сургууль орчмын бүсд жолооч нар анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх хэрэгтэй


“Сургууль орчмын бүс”-ийн стандарт нь сургууль орчмын бүсэд замын хөдөлгөөний зохицуулалт хийх, замын аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудыг нэгдсэн стандартаар хангах, хүүхдийн сургуулийн бүсэд хэрхэн хөдөлгөөнд оролцох байдлыг зохицуулах зорилготой байдаг.
Сургуулийн эргэн тойрон дахь замын хөдөлгөөний орчин нь тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд тулгарах зам тээврийн хамгийн ээдрээтэй орчны нэг бөгөөд хүүхдүүдийн хувьд ч замын хөдөлгөөнд оролцоход хамгийн төвөгтэй орчны нэг болж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан тэмдэг тэмдэглэгээг шинээр тавьж, зарим тэмдгийг шинэчилж байна. Тээврийн хэрэгслийн жолооч нар нь “Хүүхдүүд” анхаарал болгоомжгүй, туршлагагүй байдгийг мэддэг байх хэрэгтэй ба сургуулийн ойр орчимд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох ѐстой. Мөн эцэг эхчүүд, багш нар бага насны хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж байх хэрэгтэйг Завхан аймгийн Замын Цагдаагийн тасгаас анхааруулж мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


相关新闻