М. Баянсан: Одоогоор оторчдод хүндрэл учирсан зүйлгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-10 14:36:56

Малчид нь отор нүүдэлд олноор гараад байгаа сумдын нэг нь Сайнцагаан бөгөөд тус сумын Засаг дарга М. Баянсан оторт яваа малчдаа эргээд иржээ. Отрын малчдын өвөлжилтийн байдлаар түүнээс тодрууллаа.

-Отрын нутгаар өвөлжилтийн байдал ямархуу байна вэ?

- Одоогоор цаг агаар, өвөлжилт хүндэрсэн зүйлгүй, 11 дүгээр сарын эхээр орсон цаснаас хойш цас нэмж ороогүй. Малчид нөмөр нөөлөг газар бараадах нь бараадаж, зарим нэг нь танил тал, найз нөхөдтэйгээ айлсан буусан байна. Харин ирэх хавар мал төллөх үеэр яах вэ гэдэгтээ санаа зовнисон байдалтай байна.

-Танай сумын хичнээн малчин өрх хаа хаана оторт гарав?

-  Өөрийн аймгийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Сайхан- Овоо, Эрдэнэдалай, Өлзийт сумын нутагт өвөлжиж байна. Одоогоор оторт яваа малчин өрх, мал сүргийн тоог бүрэн гаргаагүй. 50 гаруй өрх гэсэн тойм тоотой байна. Мал тооллого дуусахтай зэрэгцэн нарийвчилсан бүртгэл гарна. Тооллоготой хавсран бид оторчдынхоо байршил, өрх, малын тоог гаргах юм.

Хамгийн хол нь 200 гаруй км- т Сайхан- Овоо сумын Онги голын хавьд оторт гарсан байна. Тус сумын нутагт манай сумын хорь гаруй өрх оторлон өвөлжиж байна. Цас нимгэн, таана толгойтойгоо хатсан учраас одоохондоо өвс тэжээл гэлгүйгээр мал бэлчээртээ идээших боломжтой, өнтэй сайхан өвөлжихөөр өнгө харагдаж байна. Харин Хулд, Луус сумын хойд тал, Эрдэнэдалай сумын урд, Дэлгэрхангай сумын хойд хэсгээр цас ахиу байна.

-Эдгээр сумын удирдлагуудтай отрын гэрээ хэлцэл хийв үү?

-Отрын гэрээ хийсэн.

-Отроор яваа малчдыг бууцандаа өвөлжүүлэхэд 3 сая төгрөг нэхэж байна гэдэг яриа хэр ортой юм бол. Малчид энэ талаар ярьж байна уу?

-Бууц 3 сая, чулуун хашлага 2 сая, хонд ашиглуулахад 1 сая төгрөг гэх зэргээр ханш тогтсон тухай яриа яваад байдаг.Яг газар дээрээ бол нэг нь нэхээд авчихсан, нөгөө өгчихсөн зүйл алга байна. Харин бууцандаа өвөлжүүлэхэд нэг мотоцикль, дээр нь хонь мал нэмж өгөөрэй гэсэн нэг тохиолдлыг малчид хэлсэн. Гэхдээ нэхээд шалаад авчихсан, авах дээрээ тулсан юм одоохондоо байхгүй юм билээ. Сумын нь Засаг даргатай уулзаж, эл асуудлыг тодруулж, зохицуулж өгөхийг хүссэн байгаа.Манай малчдыг оторлуулж байгаа сумдын удирдлагууд ямар ч байсан оторчдыг өнтэй өвөлжүүлж, өөрийн малчдаас ялгахгүйгээр шаардлагатай төрийн үйлчилгээг хүргэж ажиллана гэдгээ хэлж байна.

-Сайнцагаан сумын хувьд өвс тэжээлийн нөөц хэр байгаа вэ?

-Урьд онд татан нөөцөлсөн 60 тонн өвс, 20 тонн тэжээл бий. Үүн дээр нэмээд Сүхбаатар аймгаас 75 тонн өвс татсан. Шинээр татсан өвснийхөө үнийг шилжүүлээгүй. Одоо сумын ИТХ- аар хөрөнгийг шийдүүлж авна. Тэжээлийн хувьд урьд оны нөөц хүрэлцээтэй гэж тооцож байгаа. Сумын нөөцөөс малчид одоохондоо өвс тэжээл авч эхлээгүй байна. Малчид өөрсдөө хувийн бэлтгэл сайтай байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news