ДУНДГОВЬ: “Монгол ёс уламжлал” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн явган аялал зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие даах чадварыг нэмэгдүүлэх, амьдрах ухааны сургалтаар байгаль эх дэлхийгээ танин мэдэх, таван хошуу малыг нэрлэж сурах, цэвэр агаарт хөдөлгөөний засал хийх нь зэргээр “Монгол ёс уламжлал” хүүхдийн явган аялал зохион байгууллаа.
Оролцогч хүүхдүүд ажилтнуудын хамт аргал түүж, мал аж ахуй,
хөдөөгийн ёс заншилтай танилцаж, цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж,
хээрийн хоол идэж, хөгжөөнт тэмцээнд оролцсон байна.
"Эрдмийн далай" сургуулийн 5б ангийн сурагч
Б.Гүррагчаа нь аяллын явцад газраас хуучны сумны хонгио олж аймгийн музейн сан
хөмрөгт хүлээлгэн өгсөн байна. Аялалд оролцсон хүүхдүүд анх удаа эцэг, эх асран
хамгаалагчгүй бүтэн өдрийн турш үйл ажиллагаанд оролцсоноороо онцлог юм. Ийнхүү
бие даах чадварт суралцах, ёс заншлаа мэдэх, байгальд алхах зэрэг нь тэдний
эрүүл мэнд, танин мэдэхүйд эергээр нөлөөлөх, ой тогтоолтыг сайжруулах, бие махбодыг
сэргээн засах, зөв дадал болдог зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг тус
төвийн эмч хэлж байна.
Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв сэргээн засах үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг нийгмийн дэмжлэг үйлчилгээний байгууллага бөгөөд 28 албан хаагчтай, улсын хэмжээнд байдаг цөөн тооны стандарт шаардлага хангасан төв юм. Аймгийн 15 сумаас гадна Говьсүмбэр, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Улаанбаатарын иргэд зорин ирж тусламж үйлчилгээнд хамрагддаг.
Д.Адьяасүрэн
Related news

