Уур амьсгалын гэрээнд гарын үсэг зурах ёслолд дэлхийн удирдагчдыг урина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-15 14:37:24

НҮБ. /RIA Novosti/. Дэлхийн удирдагчдын дийлэнх нь уур амьсгалын талаарх Парисын гэрээнд гарын үсэг зурахаар дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод хүрэлцэн ирнэ гэдэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн найдаж байна.

2020 оноос хойш хүлэмжийн хийн хаягдлын хэмжээг болон уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох НҮБ-ын шинэ гэрээг уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвецид оролцогч 196 талын /195 орон болон Европын Холбоо/ төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн орой Францын нийслэл Парис хотноо байгуулсан билээ. Гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд улс орнууд батлах ёстой юм.

Уг гэрээнд гарын үсэг зурах нээлтийн ёслол Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд дөрөвдүгээр сарын 22-нд буюу Эх дэлхийн олон улсын өдөр болно. Парист баталсан гэрээнд заасны дагуу түүнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааг НҮБ зохион байгуулна гэдгийг Бан Ги Мүн хэлжээ. “ НҮБ-ын төв байранд уг гэрээнд гарын үсэг зурахаар хүрэлцэн ирэх урилгыг дэлхийн удирдагчдад удахгүй илгээнэ. Яагаад гэвэл энэ нь уур амьсгалын талаарх хосгүй гэрээний эхний өдөр болно” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Парист байгуулсан гэрээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “өргөн далайцтай” гэрээ болсон гэжээ. Тэрбээр дэлхийн улс орнууд дэлхийн температурын өсөлтийг Цельсийн 2 градусаас доош түвшинд тогтоон барихаар тохиролцсоныг онцлон дурджээ.

Д.Жаргал

 

 

Related news