Дэлгэрхангайн залуучууд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-15 16:41:57

Дэлгэрхангай сумын Залуучуудын чуулган өнөөдөр үдээс хойш эхэллээ. Маргааш үргэлжлэн өндөрлөх энэ чуулганаар залуучууд ирэх онд хэрэгжүүлэх зорилго зорилтыг тодорхойлох юм байна.

Тухайлбал залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн идэвхи оролцоо, эрх үүргийг сайжруулахад чиглэсэн таван зорилтыг гаргаж ирнэ гэж сумын ЗДТГ- ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ё. Сайхантуяа хэллээ.

Тус суманд Монголын Залуучуудын холбооны салбар байдаг ч үйл ажиллагаа нь зогсонги байдалтай олон жилийн нүүр үзэж байгаа бөгөөд үүнээс өөр залуучуудын төлөө ажиллах төрийн бус байгууллага байхгүй тул өнгөрсөн намар төрийн байгууллагад ажилладаг хэсэг залуучууд “Залуучуудын оролцоо” хэмээх хөдөлгөөнийг үүсгэжээ. Үүнтэй зэрэгцэн аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 15- ныг Залуучуудын өдөр болгосон нь тус хөдөлгөөнийг идэвхитэй үйл ажиллагаа явуулах нэг хөшүүрэг болсон байна. Тиймээс цаашдын үйл ажиллагаагаа бодитой тодорхойлоход зориулан энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа ажээ.
Гэхдээ Залуучуудын чуулган дөрөв дэх удаагийнх гэдгийг Нийгмийн бодлогын мэргэжилтэн хэлж байна. 1998 онд анхны чуулганыг хийж байсан бол 2004, 2012 онд мөн залуучууд чуулж байсан. Тэдгээрээс зорилго зорилт тодорхойлж байсан ч хэрэгжилт тун хангалтгүй байжээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news