Цанын шигшээ багийнхан 3 өрөө байртай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-17 15:19:16

Монголын цанын холбоо /МЦХ/-ноос 2015 оны шилдгүүдээ тодруулж, цанын шигшээ багийн тамирчдад бэлтгэлд гарахдаа байрлах 3 өрөө орон сууцаар шагнаж, түлхүүрийг нь гардуулав.

Цанын спортын тамирчид тэмцээн уралдаанд оролцохдоо нэгдсэн цугларалтад гарч бэлтгэлээ базаах үед нь байрлах орон сууцны асуудал нэн шаардлагатай байдаг. Монголын цаначид 2015 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаа бөгөөд 2016 оны амжилт ялалтаар дүүрэн угтах эрч хүч, урам өгч 2015 оны шилдгүүдээ тодруулав.

Цанын спортын оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, оны шилдэг ахмад тамирчдыг тодруулахад, “Оны шилдэг өсвөрийн тамирчин”-аар Д.Очирсүх, “Оны шилдэг өсвөрийн дасгалжуулагч”-аар О.Хүрэлбаатар, “Оны шилдэг ахмад тамирчин”-аар ОУХМ Д.Энхээ, насанд хүрэгчдийн багийн “Оны шилдэг дасгалжуулагч”-аар цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, “Оны шилдэг тамирчин”-аар спортын мастер Э.Ариунтунгалаг нар тодорлоо. Мөн энэ үеэр цанын баг тамирчдад орчин үеийн цана техник хэрэгслээр хангах зардлыг МЦХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүрэн, ахлах дасгалжуулагч Д.Баттулга нарт МЦХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжарал гардуулсан юм.

Д.Өлзий

Related news