Монголын морьтнууд Өрнийг эзэгнэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-17 15:56:40

НЬЮ-ЙОРК. /NYTimes/. АНУ-ын "Breeders’ Cup"-д 10 дугаар сард Монголын морь түрүүлснээс хойш нэг сарын дараа уяач Э.Ганбаттай ярилцлаа. 2010 онд АНУ-ыг зорин Монголоос гарахаас нь өмнө болсон яриаг тэрбээр дурсав.

Өрнийн уралдаанд түрүүлнэ гэж бодох нь тэнэг хэрэг гэж түүнд Өрнийн ертөнцийн морины уралдааныг сайн мэдэх нэгэн хүн тэр үед хэлсэн байна.

Биерхүү, хурдан морийг морин тойруулгын уралдаанд хэрхэн сойхыг Монголын талд 32 км зайд уралддаг морь уясан Ганбат яаж ойлгохыг тэр хүн асуужээ.

"Монголын уралдаан 100 жилээр хоцрогдсон. Чи яаж гүйцэх юм?" гэж тэр хүн асуусан байна.

"Морь л бол морь" гэсэн энгийн хариултыг Ганбат түүнд өгчээ.

Монголын Бямба гэдэг морь болоод түүнийг хүрээлэгчид "Breeders’ Cup" тэмцээнд урьд нь орж байгаагүй. Монголын хамгийн баян бизнесмэнүүд болох Д.Ганбаатар, түүний ах Цэрэнжигмэд болон тэдний гэр бүл, найз нөхөд үндэсний дэгжин хувцсаа өмсөн, Лексингтоны Кинланд морин тойруулгын газарт ирсэн юм. Тэд олныг гайхашруулж, уясан морь нь илт давамгай түрүүлсэн билээ.

Одоо Ганбат болон морины эзэн Ганбаатар нар хүсэл эрмэлзлээ хазаарлахгүй. "Хонконгийн унаачдын клуб"-ээс зөвхөн урилгын оролцогчдын дунд зохион байгуулдаг, олон улсын дөрвөн уралдааны нэг, 2.4 сая долларын бооцоотой "Hong Kong Sprint"-д Бямбыг сойхоор эх нутагт нь ойрхон авчрах гэж байна.

“Бид "Breeders’ Cup",  "Kentucky Derby",  "Triple Crown" зэрэг том уралдаанд түрүүлэх гэж ирсэн. "Breeders’ Cup"-аас эхэлсэн бид одоо "Kentucky Derby"-д түрүүлэх хэрэгтэй”  гэж Ганбат хэлэв.

1999 онд Ганбаатартай Ганбат танилцжээ. Хоёул морь уядаг байсан бөгөөд тэд нийслэл Улаанбаатарын ойролцоо хамт ан хийдэг байжээ. Өвөө нь уяач байсан Ганбат тэгэхэд дөрвөн жил морь уясан туршлагатай байв. Үнэг, чоно агнахад зориулан Ганбат ноход тэжээж, цармын бүргэд гаршуулж байв.

Монголд хурдны морьдыг 6-9 насны хүүхэд унадаг. Хол зайд уралддаг учир нэг морь жилд гурваас дээш уралдах нь ховор байна. Сур харваа, морины уралдаан, бөхийн барилдаан гээд хэдэн зууны түүхтэй Монголын баяр наадам болдог долдугаар сард л гол хүчээ үздэг. 

Морины эзэд нэр хүнд, бахархлын төлөө өрсөлддөг. Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадамд Ганбатын уяж сойсон адуу түрүүлжээ. Түүний адуу 720 хурдан хүлгийг ардаа орхиж, тэрбээр орос машинаар шагнуулсан аж.

Зочид буудал, супермаркетын сүлжээ, тавилгын дэлгүүр, уул уурхай, нефть, барилгын салбарт хүчээ сорьж буй "Макс Групп"-ыг Ганбаатар ахтайгаа хамтран үүсгэн байгуулжээ. 1980-аад онд тэд арьс, үслэг эдлэл худалдаж, бизнесийн гараагаа эхэлсэн байна.

Тэр хоёр Улаанбаатарт 60890 ам метр худалдааны талбай эзэмшиж, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 42 сая долларын хөрөнгө эргэлдүүлж буйг хэдэн жилийн өмнө "Forbes" сэтгүүл мэдээлж байсан юм.

Хилийн чанадад уралдах талаар Ганбат найзыгаа ятгасан байна. Австрали, Их Британи, Франц, Ирланд, Япон улс руу тэрбээр судалгааны аялал хийв. Ганбаатар Францад хоёр морь худалдан авч, франц уяач Фредди Хед рүү явуулсан боловч морьд амжилт үзүүлээгүй байна.

Тэгээд Ганбат АНУ руу аялж, тус улсыг жүчээгээ барих хамгийн тохиромжтой газар гэж үзжээ. Австрали болон Европтой адилгүй, АНУ-д ажиллах виз нь асуудалгүй гарсан байна. "Америкт бүгд хялбархан" гэж тэрбээр инээмсэглэн ярив.

Тэд 4 морь худалдан авч, монгол жүчээнийхээ суурийг тавьсан бөгөөд одоо 10 морьтой. Кинландын жил бүр 9 дүгээр сард болдог худалдааны үеэр Ганбаатар 10 эр, 1 эм даагыг нийт 575 мянган доллароор худалдан авсан байна. 2011 онд тэрбээр 60 мянган доллароор Бямбыг худалдан авчээ. АНУ-ын Кентаки муж улсын Лексингтонд  найман гүү худалдан авч,  уралдааны морины өөрсдийн үүлдрийг жүчээндээ гарган авч буй тул Ганбаатар дуудлага худалдаанд идэвхийлэн оролцохоо больсон байна.

226 гараанаас Монголын жүчээний олсон 1349278 доллароос 960926 долларыг Бямбаагийн амжилт авчирчээ. Тэрбээр АНУ-д эрэг дамжин уралдаж, 8 муж улс болон Канадад 13 морин тойруулгад янз бүрийн зайд уралдсан байна. Монгол морьдын тэсвэр хатуужлыг Ганбат Бямбаас хүлээдэг байна. Тэрбээр эх орондоо 200 адуутай. Эхлээд Бямба их догшин байсан тул Ганбат түүнийг агтлахаар шийджээ.

"АНУ-д уралдахаар ирсэн хэдэн тэнэг гэж биднийг бодсон. Биднийг хэн ч тоодоггүй байсан" гэж Ганбат инээмсэглэн ярьж байсныг Райан Голдберг тэмдэглэжээ.

Х.Аминаа

 

Related news